“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн хурал боллоо

2021 оны 05 сарын 28

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал өчигдөр /2021.05.27/ өдөр боллоо. Уг хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компаниудын удирдлагууд оролцож, компанийн үйл ажиллагааны явц болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Охин, хараат компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн хэмнэлт хийх чиглэлд анхаарал хандуулж буйгаа онцолж байв. Түүнчлэн ажилчдыг коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй ажиллаж байгааг хэлж байлаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэхүү хурлын үеэр захиргаа хүний нөөцийг сайжруулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Тухайлбал, компанийн үйл ажиллагааны дотоод журмуудыг шинэчлэх, ажилтнуудын мэдээллийн санг шинээр үүсгэх, архив албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээллийг эмхэтгэж, журмыг шинэчлэх зэрэг ажлыг нэрлэсэн юм. 

Түүнчлэн Д.Хаянхярваа захирал цаашдаа нэгдлийн санхүүгийн сахилга батыг сайжруулахад түлхүү анхаарна гэдгээ хэлэв. Хурлын төгсгөлд нэгдлийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч “Үндэсний Баялгийн сангийн тухай хууль”-ийг батлуулж Эрдэнэсийг иргэн бүрд тэгш хүртээх нөхцлийг бүрдүүлэн ажиллахад охин болон хараат компанийн удирдлагууд хичээн ажиллах шаардлагатайг хэлсэн юм.

 

Top