“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Шивээ Энержи” компанийн төлөөлөл Говьсүмбэр аймагт ажиллалаа

2021 оны 07 сарын 28

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар 7 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцон "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа холбогдох төслүүдээс танилцууллаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тодруулбал, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийн хэрэгжүүлэх 5280 мВ-ын хүчин чадалтай эрчим хүчний экспортын цогцолбор, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийн Шивээ-Овоогийн ордыг түшиглэн баригдах 200 мВт хүчин чадалтай цахилгаан станц, “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэх кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн (500,0 тн металлургийн кокс, 300,0 ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай) төслүүд байгаа юм. “Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн баригдах 200 мВт цахилгаан станцын төсөл нь төвийн эрчим хүчний хомсдолыг арилгах, ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчийг бууруулж дотоодын эх үүсвэрээс хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн “Шивээ-Овоо” нүүрсний ордыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх замаар байгалийн нөөц ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, цахилгаан станц барих газрыг хэрхэх эсэх асуудлаар санал бодлоо солилцжээ.

Говьсүмбэр аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид аймагтаа хэрэгжих төслүүдийн хувьд хүлээлт өндөр байгаагаа хэлээд цаашид “Эрдэнэс Монгол” компанитай бүх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top