Д.Амар: Хөрөнгө оруулагч нь төслийн геологийн болон санхүүгийн эрсдэлийг дангаар хариуцаж ажиллана

2021 оны 10 сарын 13

“Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амартай метан хийн төслийн талаар ярилцлаа.


-“Эрдэнэс Метан” компанийн хэрэгжүүлж байгаа хийн төслийн явц ямар байна вэ?

Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төлөвлөсөн ажлууд цаг хугацааны хувьд сунжрах, удаашрах хүчин зүйлс байгаа боловч төсөл маань амжилттай урагшилж байгаа. Метан хийн салбар бол манай улсад цоо шинэ аж үйлдвэрийн салбар. Хүний нөөцийн хувьд энэ мэргэжлээр бэлтгэгдсэн хүн хүч дутагдалтай. Эндээс бид ажлаа эхлүүлж байгаа. Тухайлбал, Австралийн хөрөнгө оруулагч талаас шинээр Монгол Улсад анх удаа метан хийг хэмжиж тогтоох шинэ технологийг оруулж ирж байгаа. Тэдгээр багаж төхөөрөмжүүдийг яаж ашиглахыг Монгол ажилчдадаа зааж сургах зэрэг олон ажлуудыг дурдаж болно.

-Метан хийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт дээр Австралийн хөрөнгө оруулалттай “Жэйд Метан” ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчийг татах, хамтран ажиллах процесс ямар байдлаар явсан бэ?

Бүх процесс Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу явагдсан. Тэдгээрийн дундаас баримталсан нэг чухал заалт нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд ТЭЗҮ нь боловсруулагдаагүй, зураг төсөв нь баталгаажаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх талаар тусгасан байдаг. Манай метан хийн төслийн хувьд нөөц нь тогтоогдоогүй учраас ТЭЗҮ байхгүй. Энэ утгаараа улсын төсвөөс санхүүжих ямар ч боломж байгаагүй.

Эрдэнэс метан компанийн зүгээс хоёр ч удаа нэг нь гадаад, нөгөө нь үндэсний хөрөнгө оруулагчтай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байдаг. Мөн Монгол улсын Хөгжлийн Банк, Агаарын Бохирдлын Эсрэг Сан гээд хандсан боловч мөн л дээрх хуулийн заалтаас болоод бүтээгүй. Эрдэнэс Метан компани өөрөө Хөрөнгийн бирж дээр гарах гэж үзсэн боловч тухайн үед төсөл маань Эрлийн үе шатны ажлаа ч хийх санхүүгийн чадавхгүй, энэ утгаараа Хөрөнгийн биржүүдийн шаардлага шалгуурыг давж чадахгүй байсан.

Одоогийн энэ хөрөнгө оруулагчаа толгой компани болох Эрдэнэс Монгол компанийн зөвшөөрлөөр холбогдох журмын дагуу нээлтэй сонгон шалгаруулалт зарлаж сонгосон.

-“Жэйд Метан” ХХК-тай хийсэн гэрээний дагуу уг компани яг ямар үүрэг хүлээж байгаа вэ?

Метан хийн төслийг Төрийн өмчийн компанийн зүгээс 2 том үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа. Эхний үе шат нь төслийн эрэл, хайгуул, нөөц тогтоох, тухайн нөөцийг олборлох техник технологийн нэвтрүүлж турших, эдийн засгийн үр ашгийн тодорхойлох, өөрөөр хэлбэл төслийн хамгийн эрсдэлтэй үе шат.

Бид энэ үед Австралийн хөрөнгө оруулалттай компанитай хамтарч байгаа. Тэд миний сая хэлсэн бүх ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй, мөн шаардлагатай бүх хөрөнгө санхүүжилтийг гаргах юм. Энэ утгаараа Төрийн өмчийн компани ямар ч санхүүгийн үүрэг хариуцлага хүлээхгүй. Мэдээж төсөл маань илүү тодорхой болоод ашигтай гарсан тохиолдолд одоогийнхоо хөрөнгө оруулагчтайгаа нөхцөлүүдээ тохиролцож цаашид хамтран метан хийн үйлдвэр байгуулах, бүтээн байгуулах үе шатанд үргэлжлүүлэх л байх. Гэхдээ төслийн 2 дахь үе шатны харилцан тохиролцооны гэрээний талаар одоо ярих эрт байна. Тухайн үед нь Монголын тал эхлээд юутай юм бэ? гэдгээ мэдэж байж дараагийн үе шатны том гэрээнд орно. Эдийн засгийн хувьд ашигтай юу ашиггүй юу гэдгийг тооцоолсон ТЭЗҮ-тэй болсон цагт цаашдын хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Монголын тал өөрөө шийдэх бүрэн боломжтой.

-Зарим хэвлэлд “Австралийн хөрөнгө оруулалттай тус компанийн хайгуулын ажлын төсөв харьцангуй бага байна” гэсэн шүүмжлэлийг бичсэн байсан. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

Метан хийн төсөл маань дөнгөж геологи-хайгуулын судалгааны үе шатандаа явж байна. Энэ ч утгаараа геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлтэй, бас маш их хөрөнгө санхүүжилт шаардлагатай.

Хийн хайгуулын цооногийн өрмийн зардал нь гүнээсээ хамаараад өндөр өртөгтэй байдаг.  Тэгвэл төслийн санхүүжилтийн гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал хайгуулын ажлыг 3 жилд багтаан гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээсэн. Тэгэхээр хайгуулын ажил нэлээд шахуу явагдана. Миний төлөвлөж байгаагаар жилдээ 20-30 цооног өрөмдөх шаардлагатай болно.

-“Jade Gas Holdings” компани Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, амжилттай арилжаалж эхэлсэн. Энэ компанийн хувьцаа гаргах, нэр хүнд өсөж байгаа нөхцөл байдал манайд ямар нэгэн байдлаар ашигтай байж чадах уу?

Австрали улсын Хөрөнгийн бирж бол дэлхийн хөрөнгө санхүүгийн томоохон биржүүдийн нэг. Тийм бирж дээр Монгол улсад хэрэгжиж буй төслийн талаар мэдээлэл гарах нь Монгол улсын нэр гарч байна гэсэн үг.

Хөрөнгө оруулагч талын бирж дээр гаргасан мэдээлэлд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр хэлсэн 1 тэрбум мод тарих санаачилгыг бас дурдсан байна лээ. Энэхүү санаачлага нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах чиглэлээр Монгол Улс бас дэлхийн бусад улс орнуудтай хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж байгаа, Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран байгаль экологид ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэр болсон метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна гэдгийг мэдээлсэн. Хэрэв метан хийн нөөц тогтоогдвол манай Төрийн өмчит компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийн ач холбогдол, ялангуяа агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмрээ оруулах болно.

Нөгөө талаас Монгол улсын Засгийн газрын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжиж байгаа. Шулуухан хэлэхэд манай хөрөнгө оруулагч талын ажил сайн явж байж бидний хамтран хэрэгжүүлж буй төслийн ажил амжилттай сайн явна шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top