Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн дөрөв дэх өдрөө Сүхбаатарын талбайд жагсаж байна.
Жагсаалын үеэр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг талбайд гарч ирж, уулзахыг шаардсаны дагуу тэрбээр өнөөдөр /2022.12.07/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нарын хамт ордны урд гарч ирэв.
Тэднийг гарч ирэхэд жагсагчид Ерөнхий сайдын яриаг анхааралтай сонслоо.
Ерөнхий сайдыг "Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ. Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй" гэж хэлсний дараа иргэд нэлээд бухимдав. Улмаар иргэд Ерөнхий сайд руу бээлий, сэрээ гэх мэт элдэв зүйлс шидэж, нүүрсний хулгайчдыг яаралтай зарлахыг дахин шаардаж эхэлсэн юм.
Ерөнхий сайд энэ үед иргэдийн үйлдлийг үл тоон, мэдээлэл өгсөөр байлаа.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад хандан "Та шаардлагатай тохиолдолд нүүрсний хулгайчдыг зарлана гэж хэлсэн. Зарлах цаг нь болсон юм биш үү. Бид 5 хоног хүлээлээ. Нэрсийг нь зарлахаас битгий ай" гэж хэлэв.
Ерөнхий сайд үүнд "Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Штаб байгуулж, түүнд нь иргэдийг төлөөлж 100 хүн орж ажиллуулъя" гээд, Ажлын хэсэгт орох 100 хүнийг У.Цогтбаяраар ахлуулах яриа болов.
Сануулахад, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан юм. Энэхүү штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөллийг оруулна гэсэн үг юм.
Яг одоо төв талбайд цугласан иргэд Штабт орж ажиллах 100 иргэнийг хэрхэн сонгож, хэн хэнийг оруулах талаар ярилцаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
arai2
sunu2
yalna2
Эдийн засагч Баярхүүг оруулах хэрэгтэй