ОЛОН ӨНГӨ: Өвлийн өвгөн байдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Шөнөдөө 30 хэмийн тачигнасан хүйтэн хонож буй энэ үед нийслэл хотын аль нэгэн буланд дулаалга муутай, түлш түлээ ч үгүй хоосон шахуу гэрт үс нь сэгсийж нүүр нүд нь халтартсан хэдэн жаал хөнжилдөө шурган унтаж байгаа. Зүүд нойронд нь үзэгдсэн зөөлөн сахалт өвлийн өвгөн аав хэзээ ирэх бол хэмээн харуулдаж л суудаг байх. Ядахнаа хөргөгчөө уудлаад үзье гэтэл идэх юм алга. Аав, ээж хэзээ ирэх нь ч мэдэгдэхгүй.

Ходоод хоржигнон дуугарч өлсөхийн эрхэнд хорвоогийн амттан бүрийг дотроо төсөөлсөөр. “Өвөл хүйтэн нь сайхан, ашигтай гэж томчууд ярив ч гэртээ дулаан байж чадахгүй, байнга даарч өлсөж байгаа надад лав муухай”  хэмээн боддог хүүхэд нийслэлд өчнөөн бий.

Гэхдээ шинэ жилээр бэлэг гэлтгүй урам зориг, хайр энэрэл түгээдэг өвлийн өвгөн тэднийд зочилбол өвлийн тухай хөндий хүйтэн бодол нь бүлээсдэг байх.

Та бидний сайн мэдэхээр Лантуун дохио ТББ-ын сайн дурын ажилтан залуус жил бүр л Ид шидийн богц тараахаар нийслэлийг самнадаг. Мөн өөр сайн дурын байгууллагууд, хүсэл зоригоороо нэгдсэн сайн санаат хүмүүс хүүхдүүдэд бэлэг тараахаар өөрсдийн өвлийн өвгөнийг бэлдэж буй. Гэхдээ өвлийн өвгөн, цасан охид хүүхдэд ууттай бэлэг, дулаан хувцас тараагаад л дуусчихдаггүй. Тэд очсон айл бүрдээ гэрэл цацруулан орж бүлтэгнэсэн нүдээр өвлийн өвөөг анх удаа харж буй үрсэд ирээдүйг төсөөлөх, сайн сайханд тэмүүлэх чихэр, бялуу мэт чимэгтэй зүйлийг сэтгэлд нь үлдээдэг юм.

Мэдээж тэр хүүхдүүд өсөж томроод өвлийн өвгөнд итгэхээ болино. Гэхдээ л олон жилийн дараа өвлийн өвгөн, цасан охин гэрт нь ирээд өвөр дээрээ суулган цээжилсэн дуу, шүлгийг сонсоод уут дүүрэн бэлэгтэй цуг гэгээн мөрөөдөл, амьдрах итгэл өгсөн гэдгийг нэхэн санахдаа өөрсдийн үр хүүхдээ харж инээж баясан сууж байх болно. Өвлийн өвгөн аав нийслэлийн хаа сайгүй л бий. Тэд очих айл, уулзах хүн ихтэй. Ирээдүйд өвлийн өвөө бүр аз жаргалаар халгисан, дулаан айлд ороод багачуудын нулимстай нүдийг бус жаргалтай инээдийг олж хараасай. Өвлийн өвөө уйлсан, зовсон, даарч жиндсэн хүүхэдтэй нэг ч таарахгүй бол хэчнээн сайхан бэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top