Өнгө өнгийн бөмбөлөг рүү аажмаар дөхөж буй охин шантрахгүй мөлхсөөр бөмбөлөгт хүрсэн ч барьц алдах нь тэр. Гэсэн хэдий ч зүтгэсээр. Түүний хажууд суух тэргэнцэртэй хүү аягатай цайгаа уух гэж уруулаа цорвойлгон тэмцэлдэж барьж ууж чадахгүйдээ бухимдан уйлна. Багш “Миний хүү сайн, алив бариарай” гээд урмаар тэтгэж арван хурууг нь тэнийлгэн атгуултал хүү хацраа хонхойлгон инээмсэглэл тодруулах аж. Тэд бол тусгай хэрэгцээт аравдугаар ясли цэцэрлэгийн Бага "А" ангийнхан. Ийн тэдний сувилах, суралцахуй хосолсон нэг өдрийн талаар ийн сурвалжиллаа.
БАГА "А"-ГИЙН БАЛЧИРУУД
Багш "Дахиад дуулъя, Маамуу нааш ир" гээд хүүхдүүдийн цагинах дуу хаа нэгтээ сонсогдоно. Энэ бол хөгжмийн боловсрол эзэмшиж буй багачууд. Тэд чадлаараа үг хэлж, авиа гаргах гэж хичээх аж. Тавиур дээр эгнүүлэн тавьсан машин, бамбарууш цагирган хэлбэртэй модон тоглоом зэрэг лүү гараа сарвайсан ч авах хүсэл тэмүүлэл дүүрэн тэдний унтрашгүй итгэлийг хайрламаар. Багш нар тэдэнд зурагт номыг дэлгэн тайлбарлаж өгнө.
Ангид том бөмбөлөгнүүд ойр ойрхон зайтай байрлуулсан байх бөгөөд энэ тэдний нүд, сэтгэлийг баясгаж тоглох инээх хүслийг өдөөнө. Сагстай тоглоом руу хөл гараа солбин мөлхөх хүүхдүүд багшдаа дасаж аргаа олсон харагдана. Багш нь тоглоом барьж багачуудыг тойрон энийг хараарай. Сайн хүүхдүүд шүү. За алив бариарай, босоорой гээд алхам бүрд тэднийг урамшуулна.
Ийн хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг байна. Бага А бүлгийн 15 хүүхэдтэй, гурван баштай. Нэг багш таван хүүхэд хариуцан ажилладаг бөгөөд эзэмшсэн мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж буй тэднийг сайшаамаар. Тэд өглөө 07.30 цагт багачуудаа хүлээн авдаг. Ингэхийн өмнө урьдаж ангидаа чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийснээр тэдний нэг өдөр эхэлнэ. Өглөө ирээд мэндлэхээс эхлэн багачууд хэл яриа хөгжлийн дадалд суралцдаг аж.
Аливаа үг үйлдлийг бүрэн эзэмшүүлэхийн тулд нэг хүүхэдтэй 40-50 минут ажилладаг байна. Тус ангид багачуудад зориулсан эд хэрэгсэл цөөнгүй харагдана. Анги тэнхим нь багш, сурагчийн хийсэн үлгэрийн баатруудаар дүүрэн байх бөгөөд үүгээрээ үзэсгэлэн гаргадаг аж. Тэрээр сонин содон хийц бүхий тэргэнцэртэй, дугуйтай модон сандал эгнүүлэн тавьжээ. Энэхүү сандлыг Япон улсын буцалтгүй тусламжаар авсан бөгөөд заримыг нь эцэг, эхчүүд урлажээ. Үүний тусламжтайгаар хүүхдүүд бие засах, элдэв үйлдэлд суралцдаг байна.
Я.Оюунчимэг багшийн ангид дөрвөн мөч нь саажилттай, хараагүй, дауны синдромтой, оюуны хоцрогдолтой зэрэг бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг юм. Тэдний бүх хэрэглэгдэхүүн стандарттай байдаг гэдгийг багш онцоллоо.
Тухайлбал, хоол иддэг халбага нь хүртэл зөөлөн аманд эвтэйхэн байх ёстой аж. Төмөр халбаганд шүдээ цохихоос эхлэн эрсдэлтэй хэмээн үздэг байна. Нэг хүүхдийг хооллоход 20-25 минут зарцуулдаг гэнэ. Бүлэг тус бүр номын сан гал тогоо, тоглоомын булан гээд багачуудад таатай чимээгүй ээлтэй орчин тэнд л байсан юм.
Я.Оюунчимэг багш хэлэхдээ, "Цэцэрлэгтээ 30 жил багшилж байна. Энэ жил долоо дахь ангиа авсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүнд хүүхэд олонтой анги бүрдсэн. Яслиас авч бэлтгэл анги хүртэл төгсгөдөг. Энэ хугацаанд хүүхдүүд их чадвар эзэмшээд төгсдөг. Үүнийг хараад баярлаж сууна. Манай ангийн хүүхдүүд бэхэлгээтэй тэргэнцэрт бие даан сууж, угж, живхнээс гарсан. Харин хүүхдүүдээ бага багаар ч болтугай алхаж сургах зорилго тавьсан. Тэдэнтэй ажиллахад үнэхээр урамтай аз жаргалтай байхын зэрэгцээ огт хөгширдөггүй” хэмээв.
Яслийн ангийнхан долоо хоногт нэг удаа шар сүү хар цайнд орж, бариа хийлгэж өөр бусад төрлийн эмчилгээ засалд хамрагддаг байна. Хөдөлгөөн заслын өрөөгөөр ороход зөөлөн гудас дэлгэн дөрвөн настай охиныг хөл гарыг нь нугалан, тэнийлгэж нааш, цааш хөдөлгөнө. Багш болж байна мундаг охин хэмээн урамшуулж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Охин хацраа хонхойлгон ярих гэж хичээх аж. Тус цэцэрлэг нь хүүхдийг хөгжүүлэх, чадвар эзэмшүүлэхдээ хүүхэд бүрийн бие, сэтгэлийн онцлогийг Портеж хөтөлбөрийн шалгах хуудсаар үнэлж, эцэг эх асран хамгаалагчидтай уулзан хамтарсан баг болж хүүхэд хөгжүүлэх ганцаарчилсан хөтөлбөрийг боловсруулан ажилладаг байна.
Тусгай хэрэгцээт сувиллын цэцэрлэг аравдугаар цогцолборын эрхлэгч Ц.Мягмаржаргалтай уулзахад, "Манай цэцэрлэг 1964 оноос хойш 58 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны зургаадугаар сараас шинэ барилга ашиглалтад орж жилд 191 хүнд хүндэвтэр хавсарсан бэрхшээлтэй 1.6-11 нас хүртэлх хүүхдүүдэд асран сувилах, сургуулийн өмнөх боловсрол, нийгмийн халамж гэх мэт хосолсон үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор дуу хөгжим, биеийн тамир, компьютер, хөдөлгөөн засал, хэл засал зэрэг хичээлүүд орж байгаа” хэмээн онцлов.
Тус цэцэрлэг АНУ-ын “HOLT” олон улсын байгууллагатай хамтран ажилладаг. Тухайн байгууллага багачуудын хоол хүнсэнд сард 1500 ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байна. Цаашлаад Жайка олон улсын байгууллага, Тайванийн хүүхдийн сантай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэдгийг арга зүйч онцлов.
Тус цэцэрлэгийн бэлтгэл ангийг төгссөн хүүхдүүд ЕБС-д шилжин суралцах боломж нээгддэг байна. Тэрбээр нийт 98 хүний бүрэлдэхүүнтэйгээр уг цэцэрлэг багачуудыг тойглож байгаа нь энэ. Нийт 12 бүлэгтэй бөгөөд есөн дүүрэг 21 аймгаас харьяалал харгалзахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдгаараа онцлогтой юм. Мөн Монголд энэ төрлийн боловсрол олгох хөтөлбөрийг нэвтрүүлсэн хоёр цэцэрлэгийн нэг нь юм. Эцэг, эхчүүд хүүхдээ сурч, хөгжиж, тэгш боловсролд хамруулах бололцоог хангах зорилгоор орон нутгаас хотыг зорин ирж байр түрээслэн амьдардаг байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй уг цэцэрлэгийн удирдлага хамт олонд талархсанаа илэрхийлж сэтгэл тэнүүн байдаг аж. Энэ жишгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлбэл нийгэмд ялгаварлан гадуурхалт, сурагчийн харилцан адилгүй байдал, аюулгүй таатай орчин, ялгаатай хэрэгцээ, онцлог шинж, сурах сонирхлыг хүндэтгэн үзэхэд том ахиц дэвшил гарах нэг жишиг билээ.
Б.ОЮУНЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 1 )
Оюунчимэг багш олон жил багшилж байна шүү, Олоон жилийн өмнө хүүхэд шиг нялх аальтай эелдэг даруухан хөөрхөн бүсгүй байсан одооч хэвээрээ байх шив, Ажилд нь амжилт хүсье,