Сургуулийн эко клубийнхэн туршлагаа солилцлоо

2022 оны 12 сарын 11

Ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн туршлага солилцох уулзалт өдөрлөг өчигдөр /2022.12.10/ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо.

Уулзалт өдөрлөгт нийслэлийн 14 сургуулийн 70 сурагч, 14 багш оролцож Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрахад нөлөөлж байгаа хотын хог хаягдлын менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах үйл ажиллагаа зохион байгуулав.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгаж дахин боловсруулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад  иргэдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй, зөв хандлага дадалтай болгох нь чухал гэдгийг эко клубийн сурагчид энэ удаагийн уулзалт өдөрлөгийн үеэр тайлагнаж, зохион байгуулсан сургалт, эсээ бичлэгийн болон уран илтгэлийн уралдаан, зургийн уралдаан, бие бүтээлийн үзэсгэлэн, виртуал видео, жүжиг, дуу хөгжим бүтээлүүд гэх мэт олон зүйлийг дэлгэн үзүүлж, туршлагаа солилцлоо.

ЕБС-ийн эко клубийн сурагчид нь сургууль дээрээ сурагчдад олон төрлийн арга хэлбэрээр хүрч ажиллан хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг түгээн ажилладаг.

Үүнд:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн боловсролын газартай хамтран “Автобустай эко аялал”-ыг жил бүр зохион байгуулдаг.

Эко аялал нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, ААНБ, хотхон СӨХ-ны эх үүсвэр дээр хэрхэн хог хаягдлыг ангилж буйтай танилцах, хог хаягдлыг дахин ашиглаж бууруулж байгаа жишиг сургуулиудтай танилцах, хүнсний хог хаягдлаар чийгийн улаан хорхой үржүүлэн бордоо хийх үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцах зэрэг нүдээр харж биеэр мэдэрдэг бодит ажил байдаг.

Автобустай эко аялалд хамрагдсан эко клубийн сурагчид мэдсэн сурснаа сургууль дээрээ сурагчдад яаж хэрхэн хүргэн ажилласан туршлагаа хуваалцах уулзалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top