ОЛОН ӨНГӨ: “Арванхоёрдугаар сарын ах дүү” нар

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Олон жилийн өмнө хүүхэд ахуй цагт арвахоёрдугаар сар гарав уу үгүй юу, төв суурин газраас өвлийн идэш хоолоо бэлдэх гэсэн хүмүүсийн хөл тасрах биш. Ахан дүүгээс эхлээд тавиул малаа сорчлох, мөнгөө бариад өвлийнхөө зоогоо бэлдэх, анд нөхөд, гуйлга гуйсан нөхөд гээд юу эс мундах билээ. Атга чихэр балга архи барьсан нөхөд инээд асгасаар босго давах бол ердийн үзэгдэл.

Тухайн цагт улсын мал тооллогоос өмнө өвлийнхөө идэш уушыг бэлдэх учиртай. Энэ бол хөдөөд тогтсон зарчим. Улсын мал тооллого өнгөрсөн бол ямар ч ойрын ах дүүс идэш ууш ярьж ирэх нь тэнэг хэрэг болно. Тиймээс арванхоёрдугаар сар 1-эхлээд 14 хоног лав хөл тасрахгүй. Хөдөөнийхөн энэ бүх гийчдийг “Арванхоёрдугаар сарын ах дүү нар” хэмээн нэрийднэ.

Үнэн хэрэгтээ “Арванхоёрдугаар сарын ах дүү нар”-аас ихэнх нь залхана. Малаа дөхүүлж ирнэ. Тэд чадахгүй учраас төхөөрч бэлдэж өгөхөөс эхлээд ажил ундрах учраас хэн дуртай байх юм. Тэгээд ч “Арванхоёрдугаар сарын ах дүү нар”-ын хувьд төвөөс нүд хужирлах төдий бэлэг сэлт бэлдэж ирэхээс өөрөөр амьдрал ахуйд хэрэг тус болох зүйл авчирч өгөх нь тун ховор.

Нөгөө талаар ямар нэг аргаар үнэ өртөггүй, эсвэл маш бага зардлаар хоолоо бэлдэх гэсэн нөхдийн цувааг л “Арванхоёрдугаар сарын ах дүү нар” гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл үнэд орж гэдийгээд байх хэцүү, байгаагаа тэмтэрч, малаа сорчлоод байх хэцүү тийм л хүмүүс ирнэ. Хэн дуртай байх юм.

Ёстой л “Наашаа харж инээж, цаашаа харж уйлж” байж явуулах нь элбэг. Харин нутгийн балгуушинд дуртай ах нар ихэд дуртай хүлээж аваад явсан хойно нь шартангуй дотор, шаналангуй сэтгэлтэй үлддэг сэн. Харин айл айл дамжин мал мал төхөөрч явдаг ах нарын хувьд бол яах аргагүй “Арванхоёрдугаар сарын ах дүү нар” нэн чухал. Тэдэнд тогтсон тариф гэж үгүй. Ахан дүүсийн өгснийг л авна. Ахан дүүс маань хайрцаг тамхинаас эхлээд шил архи, арай нэг сэтгэлтэй нэг нь тав гурван төгрөгөөр гарыг нь цайлгана. Тэд ч голохгүй. Хийж байгаа ажлаа тогоонд мах үйхээс ч амархан санадаг учраас шан харамжаа голдоггүй байсан байх.

“Арванхоёрдугаар сарын ах дүү нар” идэш уушаа бэлдэх ганц хоёр хоногт ихээхэн саймширна. Тэд “Хот суурин, аймаг орон очихоороо очиж бай. Юу хэрэгтэй байна хэлж бай” гэх мэтээр бурхан буддагийн дүрд хувирна. Дараа нь урилга заллагын дагуу хот суурин орсон нэг нь хараал тавин ирж байхыг олон харснаас магтаал сонсох нь бараг үгүй. Өдийд “Арванхоёрдугаар сарын ах дүү нар” гэж нэг ийм гийчид хөдөөд малаасаа ч олон “бэлчиж” байгаа даа.

 ЭХ СУРВАЛЖ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.38) 2022 оны 12 сарын 14

Хөдөө танил тал ах дүү хэн ч байхгүй.Харин 12р сарын ах дүү болхо айл,малчин бга болуу?

0  |  0
Зангараг(43.242.243.87) 2022 оны 12 сарын 14

Мал аж ахуйн орон байж мах бэлтгэлээ одоо болтол зохицуулж чадаагүй хулгайч төрийн нүүр царай нэг иймэрхүү байгаа юм даа.

0  |  0
Top