Үнэн, худал хоёр хэзээ ч зэрэгцэж оршдоггүй. Эхэндээ худал түрүүлж, үнэн хоцордог ч аажмаар худал замхарч, үнэн үлддэг жамтай... Нэг ийм үг байдаг даа. Анзаараад байхад өнөөгийн монголчуудад өөрийн гэсэн толгой үгүй болж байх шиг.
Сошиал давлагаанд тархиа атгуулж, салхи хаашаа эргэнэ тийшээ хийсдэг хамхуултай адил хүмүүс олон болжээ. Хамгийн аймшигтай нь тэд өөрсдийгөө хэнийг дуурайж, ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй байгаад байгаа юм. Хэн нэгний хэлсэн үгээр бусдыг шууд дүгнэнэ. Бүр болоогүй хэрэг төвөгт бусдыг гүтгэн доромжилно. Ямар ч ухамсаргүйгээр өрөөлийг үзэн ядаж, үг хэлээр доромжилно.
Инплүүзэр нэртэй “эрхэмүүд”-ийг үг сүггүй дагана. Үнэндээ учир байдал хаашаа эргэж байгаа, ямар учраас яагаад энэ мэдээлэлд итгэж байгаагаа ч мэдэхгүй. Зүгээр л түгээнэ. Олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг доромжилно. Нэг ёсондоо хав харанхуйгаар бусдыг дуурайж цахим орчинд цадиггүй авирладаг нөхөд хаа сайгүй болжээ.
Юманд учир, суманд гичир гэдэг. Сошиалд “солиорох”-доо учрыг нь олж, хужрыг нь тунгааж сэвж баймаар байна. Хийж буй үйлдэл, хэлж буй үгнийхээ эзэн байж чадахгүй бол хүн байхын хэрэг байна уу. Алиалагч сармагчнаас ялгагдаад байх зүйлгүй болно биз дээ. Хэн нэгнийг бид буруу ташаа мэдээллээс үүдэж, нотлогдоогүй зүйлээр цоллож харааж болох ч, хэсэг хугацааны дараа үнэнтэй нүүр тулна. Тэр цагт энэ их худал хуурмагийн төлөөсийг хэн төлөх вэ. Мэдээж алиалагчид төлж амжихгүй нь тодорхой. Иймээс л худал мэдээлэл, хуурамч шуугианд автаж, хэн нэгнийг бүү харлуулаарай. Харлуулж, мууллаа гээд танд юу ч ирэхгүй. Харин ч алиалагчийн дүрийг л өөртөө бүтээж буй хэрэг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )