Хүмүүс амьтдыг өхөөрдөн хайрладаг хэдий ч асран хамгаалах талаар мэдлэг болоод сэтгэл дутмаг. Тэр дундаа хүний хамгийн дотны үнэнч нөхөр гэгдэх нохойгоо хашаа манах төдий үүрэгтэй мэтээр ойлгодог. Тэгвэл энэ ойлголтоосоо ангижрах цаг аль хэдийн болжээ. Тэд ч гэсэн хүн шиг цэвэр цэмцгэр байдал, эрүүл аюулгүй амар тайван, аз жаргалтай, хайр халамжтай орчинг үгүйлдэг.
Манай улсад ойролцоогоор 330 гаруй эзэнгүй муур, нохой байдаг бөгөөд тэд олон төрлийн вирусээр өвчилж эмнэлгийн тусламж авахаас аргагүйд хүрдэг. Тэгвэл тэдний эрхийг хамгаалж,хоёргүй сэтгэлээр асарч сайн эзэнтэй болоход анхаардаг байгууллагууд бол мал, амьтны эмнэлгийнхэн юм. Ийн үйлчлүүлэгчдээ аль хэдийн татаж, амьтдын эрхийн төлөө гараа сунгаж буй байгууллагын нэг болох SOS мал амьтны эмнэлэгээс сурвалжилга бэлтгэлээ.
Харка, Дамбо нарын хайр татам агшин
Эмнэлгийн үүдээр ормогц пагдгар жижигхэн бор нохой, хар муурын хамт зочдыг угтан зогсох аж. Тэд энэ үйлдэлдээ аль хэдийн дасал болж. Хүний дайтай ухаантай гэмээр энэ амьтдыг харсан хүн бүр өхөөрдөн хөөрөлдөж байсан юм. Нохойг Дамбо гэдэг бол муурыг Харка хэмээн нэрийджээ. Дамбо тус эмнэлэгт ирээд найман жил болж байгаа бол Харка хоёр жилийн нүүрийг үзжээ. Тэд хоорондоо тун эвтэй байх аж. Дамбо бусад амьтдыг толгойлон удирддаг бөгөөд хэн нэгэн нь үүрнээсээ гармагц хуцаж эмч нарт даруй мэдэгддэг гэнэ.
SOS мал амьтны эмнэлэг нь олны мэдэхээр Зурагтын хуучин эцэст байрлах бөгөөд эмнэлгээр хүний хөл тасарсангүй. Энэ үеэр муур, нохойгоо үзүүлэхээр ирсэн хүмүүс оочир хүлээн шил даран зогсоно. Энэ хооронд амьтдын хөгжилтэй агшинг харж зогсох бөгөөд хоорондоо мэдээлэл солилцоно. Тэдний дунд нэгэн “эмэгтэй миний хүү удахгүй зүгээр болно. Тайвшир” хэмээн алаг муурынхаа толгойг элэн элгэндээ тэврэн бөөцийлнө. Тэр муураа анх гудамжнаас олсон аж. Тэрбээр хүүхдээсээ дутахааргүй хайрлан өсгөж байгаа бөгөөд түүнийг Алита хэмээн нэрийджээ. Мөн муураа өвдөхөөр сэтгэл минь хямарчихдаг хэмээн ярив. SOS мал амьтны эмнэлгийн үйлчилгээний тариф хямд учир хүмүүс олноор зорин ирэх нэг шалтгаан болж.
Амьтад өвдөх нь хэцүү ч гэсэн эдгэрэхээр нь баярлаж аз жаргалыг мэдэрдэг
Ийн үйлчлүүлэгчдээ оношилж тусламж үйлчилгээ үзүүлж буй малын их эмч Э.Энхмаатай ярилцсан юм.
-SOS мал амьтны эмнэлэг хэд дэх жилдээ үйл ажиллагаага явуулж байна вэ. Одоогоор ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Манайх 2013 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулаад 10 жил болох гэж байна. Удахгүй 10 жилийнхээ ойтой золгоно. Одоогоор вакцин туулга, халдварт болон халдваргүй өвчний эмчилгээ, мэс ажилбар, гоо сайхны үйчилгээг амьтдад үзүүлж байна. Мөн цус, шээс, биохими гээд бүх төрлийн шинжилгээг хийдэг.
-Дийлэнх үйлчлүүлэгчид нь нохой муур байдаг юм байна. Тэд ихэвчлэн ямар үйлчилгээг түлхүү авдаг бол?
-Суулгалтаас бөөлжих хүртэл нохой, муур янз бүрийн шалтгааны улмаас өвдөж болно. Тухайлбал, нохойн хувьд үхэлд хүргэж болзошгүй маш халдварт вирус болох парвовирус юм. Парво өвчний шинж тэмдэг нь өндөр халуурах, бөөлжих, суулгах, хэт идэвхгүй болох зэрэг орно. Ихэнхдээ эдгээр шинж тэмдгүүд хурдан хөгжиж, антибиотик эмчилгээг цаг тухайд нь хийхгүй бол үхэлд хүргэдэг. Энэ төрлийн вирус нохой мууранд элбэг тохиолддог. Тийм учраас төрмөгц вакцинд хамруулахад анхаарах хэрэгтэй. Парво вирусийн халдвар авсан бол зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагтай.
Мөн муурны давсганд чулуу үүсэх өвчин түгээмэл байна. Хүн дээр жишээ авахад цөсний чулуутай төстэй зүйл. Энэ нь идэж байгаа хоолтой нь холбоотой. Нохой ч гэсэн үүгээр өвчилдөг. Тухайлбал, давстай хоол идэх нь энэ өвчний эх үүсвэр. Мөн муур, нохойн дунд элэг бөөрний өөрчлөлт болоод хавдар их зонхилдог. Нохой 12-15 насалдаг. Гэтэл 10 настай нохой хавдраар өвчилдөг. Ийм үед мэс заслын хүндрэл хөгшин болон хэт тарган нохойнд элбэг тохиолддог. Нохойны паразит өвчин хүнд халдаж элэгний бэтэг өвчин үүсгэх аюултай. Тийм учраас өөрсдийгөө болон амьтнаа хамгаалаад заавал вакцин туулганд хамруулах нь зөв. Вакциныг 21 хоногийн зайтай дөрвөн удаа тарьснаар бүрэн дархлаа тогтдог.
-Хэдэн жил малын эмчээр ажиллаж байна вэ. Амьтантай ажиллахад аз жаргалтай байдаг биз. Тэд яг л нялх хүүхдээс өөрцгүй юм?
-Тийм шүү. Амьтантай зөв харьцаж чадвал маш ухамсартай. Би гэртээ нохой муур тэжээдэг. Амьтад өвдөх нь хэцүү ч гэсэн эдгэрэхээр нь баярлаж аз жаргалыг мэдэрдэг.
-Одоогоор танай эмнэлэгт та бүгдтэй ижил дасал болсон, байнга асруулдаг амьтан бий юу?
-Манай эмнэлэг дээр найман жил ажиллаж, амьдарч байгаа Дамбо гээд нохой байдаг. Тэр яг л сувилагч шиг.
-Хүмүүс өдөр өнжүүлэхэд нохойгоо авчирч өгөх нь хэр элбэг вэ?
-Баярын үеэр өдөр өнжүүлэхэд амьтдаа үлдээх хүмүүс олон. Бид тэдэнд зориулалтын хоолыг нь өгч тогтсон цагийн хуваарийн дагуу агаарлуулдаг. Хүмүүс ихэндээ 3-4 хоногоор өдөр өнжүүлэхэд үлдээдэг.
-Амьтантай холбоотой мартагдашгүй дурсамжаасаа дурдаач?
-Зүү залгисан мууранд хагалгаа хийж байсан. Тэр эзнийхээ хариуцлагагүй байдлаас болоод хүнд зүйлтэй нүүр тулсан ч маш тэвчээртэй байж чадсан. Ингээд эмчилгээ хийлгээд гардаг өдрөө тэр муур уйлсан. Түүнийг хараад сэтгэл өмөрч эмзэглэж байсан үе бий.
-Тэгэхээр амьтан тэжээж байгаа болон тэжээх гэж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?
-Амьтан худалдаж авах болон олсон тохиолдолд зайлшгүй малын эмчид хандаж арчилгаа, хооллолт, эрүүл мэнд зэргийнх нь талаар зөвлөгөө авч тэжээх нь зүйтэй.
Тус эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн төлөөлөл П.Тулга хэлэхдээ "Нохойныхоо вакциныг хийлгэхээр ирсэн. Амьтныг хайрлаж өсгөх арга ухаан, анагаах ур ухааныг SOS эмнэлэгийн эмч нар гаргуун эзэмшсэн. Маш их сэтгэл зүтгэл гаргаж ажилладаг. Хааяа энэ эмнэлгийн өдөр өнжүүлэхэд нь нохойгоо үлдээчихдэг. Миний нохой бол нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. Тиймээс хүүхэд шиг тойглож өсгөж байгаа. Амьтан тэжээнэ гэдэг маш том хариуцлага" хэмээн ярив.
Ташрамд хүмүүс муур нохойгоо SOS мал амьтны эмнэлгийн ойролцоо хаячихдаг гэнэ. Иймд тэд эзэндээ гологдсон амьтдыг олж асарч тойглон, бусдаас дутахааргүй төлөвшүүлж шинэ эзний эрэлд гардаг байна. Хоёр ижил хар муур эмнэлгээр үйчлүүлэхээр ирсэн муур нохойтой хошуугаа нийлүүлнэ. Тэд үнэхээр элгэмсэг дотно юм. Магадгүй тэд өвдөж ирсэн нэгэндээ дэм хайрлаж байгаагийн илрэл болов уу. Энэ мэтчилэн хүн бүрт хөнгөн инээд, аз жаргал бэлэглэж байна.
SOS мал, амьтны эмнэлэгт нохой муурнаас гадна тоть, усан гахай, туулай зэрэг жижиг амьтад сардаа нэгээс хоёр ирдэг байна. Угтаа амьтдыг хайрлах, асран хамгаалж, эрүүл саруул аюулгүй өсөж торниход малын эмч нарын зөвлөгөө, тусламж ус агаар мэт хэрэгтэй болдогийн нэгэн жишээ энэ. Манай улсад 900 гаруй мал, амьтны эмнэлэг байдаг аж. Тэдгээрийн нэг нь SOS юм.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )