Цоожтой хаалганы цаана хүүхэд бүү үлдээ

2022 оны 12 сарын 20

Сурагчдыг томуу болон томуу төст өвчнөөр өвчлөхөөс сэргийлэн сурагчдын амралтыг идэр ес эхлэхтэй зэрэгцэн эхлүүлээд гурван жилийн нүүрийг үзжээ. Энэ жилийн тухайд арванхоёрдугаар сарын 16-наас эхлэн нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл ерөнхийдөө 42 хоног амрах юм. Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм. Тэгвэл энэхүү амралтыг хэрхэн үр дүнтэй болоод аюул, эрсдэлгүй өнгөрөөх талаар Боловсролын газрын мэргэжилтэн болон эцэг эхийн төлөөлөл ийн ярилаа.


 

Д.ДАВААСҮРЭН: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ МАЛД БҮҮ ЯВУУЛ

 

Боловсролын Ерөнхий газрын сургалт хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний хөгжлийн газрын дарга Д.Даваасүрэн "Ерөнхий боловсролын сургуулийн I улирлын буюу эхний хагас жилийн амралт өнгөрөгч баасан гарагаас эхэлсэн. Цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан олон хоног амраах шийдвэрийг холбогдох яамнаас гаргасан. Эд хүйтний улирал эхэлж байгаа учир томуугийн дэгдэлт ихсэж улмаар хөл хорио тогтоох хэмжээнд хүрч нөхцөл байдал хүндрэх вий гэдгээс  урьдчилан сэргийлж өвлийн амралтыг эхлүүлсэн. Амралтын хугацаанд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон ачаалал багатай гэрийн даалгавар өгөх чиглэл өгсөн. Тиймээс  эцэг эхчүүд хүүхдээ гэртээ ая тухтай амрахад нь аюулгүй орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Учирч болзошгүй буюу түлэгдэх даарах, осгох гэх мэт аюулаас урьдчилан сэргийлж хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавиарай. Тэр дундаа  хөдөө орон нутгийн сурагчид  малд явах улмаар хөлдөх, төөрөх зэрэг эрсдэл учирдаг” хэмээв.

Ирэх нэгдүгээр сарын эхний 15 хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг ЦУОШХ-ээс анхааруулж буй юм. Тиймээс бага насны хүүхдийг гол, мөсөөр явуулахгүй байхад томчууд анхаарах хэрэгтэйг мөн онцлов.

Түүнчлэн ЕБС-д 32 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ч гэсэн энэ амралт хамаатай мэтээр ойлгодог. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зуны амралтаар албан ёсоор амрах учиртай. Өвлийн болон улирлын амралтад багш нарыг хамруулна гэвэл бид хөдөлмөрийн тухай хуулиа зөрчиж таарна. Ямартай ч багш нарыг ачааллаар дарахгүй гэсэндээ цахим системд шилжих ажил хийгдэж байгааг дурдсан юм.

Мөн БШУЯ-аас сурагчдын амралтыг хөгжилтэй үр бүтээлтэй байлгахад анхаарч энгийн дадал хэвшилд суралцахыг зөвлөж байгаа аж. Тухайлбал, Өглөө бүр дасгал хийх, өглөөний цайгаа тогтмол уух, өөрийн хувийн ур чадвар хоббигоо тодорхойлж хөгжүүлэх, сонирхолтой зүйл хийх, цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах, амралтын даалгавараа өдөрт 30 минутаас нэг цаг хүртэлх хугацаагаар давтах зэрэг тусгагджээ.

Хэдийгээр хүүхдүүд амарч эцэг эхчүүдийн магнай тэнийж байгаа ч ажилдаа явахдаа хүүхдүүдээ гэрт нь бие биед нь найдан үлдээдэг. Үүнээс үүдэн гал түймрийн эрсдэл нүүрлэсэн хэд хэдэн гашуун түүх бий. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд цоожтой хаалганы цаана бага насны хүүхдийг хэрхэвч үлдээж  болохгүйг удаа дараа сануулж байгаа юм.

Цаашлаад орж гарахдаа галын аюулгүй байдлаа сайтар хангаж, хүүхдүүддээ маш сайн захиж хэлэх хэрэгтэй аж. Хүүхдүүддээ галаар тоглохгүй, зуухнаас хол байхыг сануулж хэлэх нь зүйтэй юм. Хурдан амраасай гэх хүлээлттэй байсан эцэг эхчүүд байхад нөгөө талаар өдийд амарч байгаа нь буруу гэх нэгэн ч байгаа юм. Иймд сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД: ХҮҮХДЭЭ ДЭЛГЭЦНЭЭС ХАРААТ БУС БАЙЛГАХАД АНХААРЪЯ

 

“Нэлээн урт хугацааны амралт учир бага ангийн сурагчид хичээлээ мартах вий гэхээс санаа зовж байна. Ингэж амарчихаад хавар хүүхдүүдийг хичээлээр шахаад байдаг талтай. Тиймээс хуучнаар нь амраавал боломжийн санагдсан. Нөхөр бид хоёр ажилдаа явчихна. Өглөө дүүг нь цэцэрлэгт хүргэж өгөөд охиныгоо эмээд нь аваачиж орхих байх. Одоо ингээд амарчихаар харах хүнгүй шүү дээ”.

“Ханиад томууны оргил үед амрааж байгаа нь зөв. Хүүхдээ амралтаар нь хоббиг нь хөгжүүлнэ. Манай охин уран нугаралтын дугуйланд явах зорилго тавьсан. Энэ амралтыг уран нугаралтад явж өнгөрөөнө. Шинэ зүйл сурах гэж байгаадаа охин минь баяртай байгаа. Багш нь харьцангуй бага даалгавар өгсөн байна лээ".

“Хүүхдүүд хичээл амрахаар өдөржин дэлгэц хараад өнждөг. Тиймээс үүнд нь эцэг эх асран хамгаалагчид л хараа хяналт тавих хэрэгтэй. Утас, зурагт зэрэг хүүхдийн нүдний хараанд маш муугаар нөлөөлж байна. Үүний оронд нэг ном уншаад суух нь  зөв. Миний хувьд эрүүл мэндийн салбарт ажилладаг учир зав чөлөө тэр бүр гарахгүй. Хүүхддээ хангалттай хараа хяналт тавьж чадахгүй байгаа юм.Болохгүй бол өөрийнх нь хоббиг хөгжүүлэх сургалтад хамруулна. Өдөр өнжүүлэхэд өгнө гэж бодож байна".

“Хүйтний эрч чангарч буй энэ үед амраасан нь оновчтой шийдвэр. Харин хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахад анхаарах нь зүйтэй байх. Сүүлийн үеийн хүүхдүүд ном унших нь ховордож. Тиймээс багачуудад зориулсан номын сан хийж сонирхлыг нь төрүүлж өгөх нь зүйтэй байх. Ямартай ч би энэ амралтаар гэрийнхээ аль нэг хэсэгт номын сан хийхээр төлөвлөсөн.Хүүхдүүдээ зориулж хийж буй том ажлуудын минь нэг.

Ийн эцэг эхчүүдийн олонх нь хүүхдүүдээ сургалтад хамруулж хөгжүүлнэ гэх зүйлийг хэлж байсан юм. Ямартайч энэ амралтын хугацаанд тэд хүссэн  зүйлээ хийж аюулгүй, эрүүл саруул, амар тайван орчинд амрах учиртай. Иймд эцэг эхчүүд та бүхэн энэ бололцоог нь бүрдүүлж ач холбогдол өгч тэдэнтэй хамт цагийг өнгөрөөхийг илүүд үзээрэй. Сурагчид цаашид дараах хуваариар амрах аж.

Үүнд,

II улирал

Суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.

II улирал

Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал 

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр эхэлнэ.

Амрах:  I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.

IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ гэх хуваарьтай байгаа юм.

Б.Оюунжаргал

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top