Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 1000 цахилгаан скүүтэр оруулж ирнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг байгуулж, 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэхээр болжээ. Улмаар ирэх гуравдугаар сараас үйлчилж эхлэх аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм. Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтэрээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ” гэлээ.

Түрээсийн үйлчилгээг явуулахдаа Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах аж.

Скүүтэрийн тухайд 2022 оны “X6” хэмээх загварынх бөгөөд дараах давуу талтай:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй;
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;
  • Усны хамгаалалттай;
  • 13 ампер, сольдог зайтай;
  • Байршил тогтоогчтой;
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай;
  • 25 градус налууд өгсөх чадвартай;
  • -16 градуст ажиллах;
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;
  • Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 21

Эхлээд замыг нь засаж бэлдээч

1  |  0
Иргэн(202.126.89.193) 2022 оны 12 сарын 21

Идэлт ингэж эхэлдэг бөлгөө...

1  |  0
зочин(202.70.44.46) 2022 оны 12 сарын 21

Ингээд л мөнгө идэх юм хийгээд унадаг юм. Хэрэгтэй бол тэр хувийн хэвшил нь хийнэ биз

2  |  0
zochin(202.180.218.173) 2022 оны 12 сарын 21

yabah zam n bna u

1  |  0
Top