ОЛОН ӨНГӨ: Монгол малаас хаях юм ч үгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Хаявал хог, ангилбал эрдэнэ гэж сайхан үг бий. Өдгөө бидний өдөр тутамдаа хаяж хар уут руу чулууддаг хог дунд дахин боловсруулах боломжтой зүйл даан ч их. Хөлдөөгчний аль нэг мухарт шигдсээр өчнөөн жил болчихсон өөхний хаягдал айл бүрд л байж таарна. Түүнийгээ дотоодын саван үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хандивлаж үндэсний үйлдвэрлэлдээ дэм болох нь байгаль орчноо ч давхар хайрлаж буй хэрэг.

Хэрэв таны оршин суух газрын ойролцоо “Өөхөө тушаая” гэх аяны хүрээнд машин ирвэл хэрэггүй өөхөө бүгдийг нь гаргаад өгөөрэй. Эх орондоо эдийн болон гар нүүрний саван, арьс арчилгааны бүтээгдэхүүн хийхэд тэр хамгийн том тус тэр болно.

Хүнсний дэлгүүр, супермаркетийн лангуу дүүрэн гаднаас импортолж авчирсан хурц үнэртэй, химийн хортой нэгдэл ихээр агуулсан гарын арьс хуурайшуулдаг саван төрөл төрлөөрөө бий. Харин хаа очиж дотооддоо саван үйлдвэрлэж буй компаниуд аль болох органик орцтой, хурц үнэр багатай басхүү чамин савлагаатай бүтээгдэхүүн хийх болсон. 1800 төгрөгөөр угаалгын нунтаг шиг хурц үнэртэй, харшил үүсгэдэг савангаар хувцасаа угаах уу, хаягдал өөхөө тушааж буян болоод 1300 төгрөгөөр хүүхдийнхээ даавууг ч угааж болохуйц эдийн саван авах уу гэсэн сонголт бидэнд байна. Үүнээс гадна малын шөрмөс, арьс, шийр тагалцаг зэргийг дэмий хаяж байгаа нь даан ч хайран.

Хамгийн наад зах нь дээрх түүхий эдээс боловсруулсан коллаген, желатин гаргаж авч болно. Үүгээр эм, витамины гадуурх капсулан бүрхүүл, резинэн чихэр, уургийн бэлдмэл зэргийг хийх боломжтой аж. Охид бүсгүйчүүд ч коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн, найруулж уудаг коллагены бэлдмэл түгээмэл хэрэглэдэг. Дэргэдэх эрдэнээ анзаарахгүй хаяж үнэ цэн бүтээх зүйлээ хэрэггүй хог мэтээр хаядаг улс орон хэд бол. Солонгост ганц цагаан будаанаасаа айраг, архи гарган авч мөн боорцог, жигнэмэг гээд хийж болох бүхнийг гарган авч өөрсдийн орныг сурталчлах бренд болгосон түүх бий. Бид 90 сая малынхаа арьс, шийр, өөх тосыг хог гээд хаясаар байвал халуун хошуут малын заяа гомдох биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сбд талбай(124.158.97.6) 2022 оны 12 сарын 22

сбд талбай талбай дээр өлсөөд байгаа нүцгэн залуусдаа ярьж өгмөөр юм дөө

0  |  0
Top