Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга П.Бат-Ирээдүй төв талбайд олон өдөр өнжсөн жагсагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо.
Тэрбээр жагсаал, цуглааны үед Яаралтай тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу иргэдийг хүндрэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газрын даргад хүргүүлсэн юм.
П.Бат-Ирээдүй эмч энэ талаар “Арванхоёрдугаар сарын 4-нөөс энэ нөхцөл байдал үүсэж, 6-нд иргэд суулт зарлаж, гадаа хонох гэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд чиг үүрэг өгсөн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр болж буй үйл явдал сунжирч, суулт зарлах нөхцөл байдан үүсэн, иргэд гадаа хонох гэж байгаа тул хяналт тавиарай гэсэн.
Хоёр дүүргийн эмнэлэг тогтмол цагуудад үзлэг хийж байсан. -30 градустай хонож байх үед гурван багаар үзлэг хийж, төвийн зургаан дүүргийн эмнэлэг болон 103-ын эмч нарыг татан оролцуулсан” гэлээ.
Иргэд гадаа олон хоног хоносонтой холбоотойгоор үүсэх арьсны хайрагдал, бохирдол, ахуйн харшлын асуудал, биеийн дулаан бага байсантай холбоотойгоор дотор эрхтнүүдэд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх ёстойг П.Бат-Ирээдүй эмч тайлбарлаж байв.

Түүнчлэн “Хүний биеийн дулаан хамгийн их алдагддаг хэсгүүд нь толгой, нуруу, үе мөч, арьс гадаргуу байдаг. Хүйтэнд хонож байгаа иргэдэд маш олон өөрчлөлт гардаг. Үүнийг энгийн үзлэгээр илрүүлэх боломжгүй тул нарийн үзлэг, шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, ковидоор өвчилсөн жагсагчдад хүйтний улмаас цусны өтгөрөл явагдана. Эдгээр өөрчлөлтийг нарийвчилсан шинжилгээгээр тодруулах ёстой.
Бид хүлээсэн үүргийнхээ дагуу оношилгоо, үйлчилгээ үзүүлэхгүй бол цаашид гарах эрсдлийг хянах боломжгүй болно. Бид эрүүл иргэний төлөө ажиллаж байна. Тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй бол бид мөн хариуцлага хүлээх хуультай. Жагсагчдыг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах нь нэн түрүүнд чухал байна” хэмээн учирлав.
Гадаа жагсаж буй иргэдийн шулаан гэдэс, улаан хоолойгоор дамжуулан биеийн дулааныг нь үзэх шаардлагатай байгаа аж.
Гадаа 5-аас дээш хоносон хүмүүст стандартын дагуу үзлэг, шинжилгээ хийх нь чухал гэдгийг Эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулсаар байна. Улаанбаатар хоттой адил хүйтэн байдаг хот, улсуудад иргэд 10-аас дээш хоногоор гадаа хоносон тохиолдол байдаггүйг мөн онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
ХУЛГАЙЧ ТӨРТЭЙ ХОГИЙН НИЙГЭМ , МОНГОЛЧУУД АА ЭНЭ УЛСААС ЗАЙЛЦГАЯ