Шинэ он гарахад 10 хүрэхгүй хоног үлдлээ. Айл бүр шинэ оноо угтахдаа баярын ширээндээ амтат бялуу тавьж гэр бүлээрээ тойрч суудаг уламжлал тогтсон. Тэгвэл жил бүрийн арванхоёрдугаар сарын дунд үеэс баярын бялууны захиалга оргил цэгтээ хүрч баярын өдөр гэхэд дэлгүүрийн лангуунд зарагдах бялуу дуусчихсан байдаг. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хил гаалиар бараа оруулж ирэхэд хүндрэл үүссэний улмаас бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс бид баярын ширээг чимэх бялууны үнэ ханш, захиалгын талаар сурвалжилга бэлтгэлээ.
ИРГЭД ДАХИАД Л БЯЛУУНЫ ЭРЭЛД ГАРАХ НЬ
Шилэн хоргоны цаана өнгө, өнгөөр алагласан амтат бялууны үнэ ханш үйлдвэрлэгчээсээ хамаарч өөр өөр байдаг. Иргэдийн түлхүү сонгож үйлчлүүлдэг монбэйкери, жүр үр, милая сүлжээ, Тү лэ жүр зэрэг торт, нарийн боов үйлдвэрлэгчдийн хийсэн бялууны үнэ ханшийг сонирхлоо. "Мон бэйкэри"-гийн бялуунууд 31.900-65.900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Баярын захиалгын хувьд энэ сарын 20-25-ны хооронд онлайнаар авах ба захиалсан бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргэж өгөх аж.
Мөн иргэдийн сонгох дуртай “Жүр үр”-ийн бялуу 23.500-65.900 төгрөгийн ханштайгаар лангуунд өрөгджээ. Захиалгаар авах бол мэдээж арай ахиу үнэтэй загварыг ч сонгож болно. Гэхдээ “Жүр үр”-н баярын бялуу захиалга өчигдөр дуусчээ. Тиймээс тус үйлдвэрийн бялууг баярын ширээндээ тавихыг хүссэн иргэд өөрт ойр салбар дэлгүүрт ирсэн бялууг худалдан авч хадгалах боломжтой болсон аж. Ингэхдээ ихэвчлэн “аз жаргал”, “бренд бялуу” гэсэн нэр төрлөөс сонгох боломж үлдэх юм байна. Угтаа бол тус үйлдвэр энэ сарын 28-ны өдрийг хүртэл захиалга авах төлөвтэй байсан ч нөхцөл байдлаас үүдэж 20-ны өдрөөр захиалгаа хаажээ.
Орос амт чанарыг мэдрүүлдэг "Милая" сүлжээнээс 33.900-50 мянган төгрөгийн хооронд бялуу худалдан авах боломжтой. Тус үйлдвэрийн бялуу захиалга хараахан дуусаагүй бөгөөд байгууллагын фэйсбүүк хуудас болон лавлах утсаар захиалга авах юм байна. Мөн иргэдийн дунд баяр ёслолын үеэр дараалал үүсгэдэг бас нэгэн үйлдвэрлэгч нь "Тү лэ жүр" бэйкэри юм. Тус бэйкерийн бялуунууд 33-105 мянган төгрөг хүртэлх үнэтэй байна. Захиалга уржигдар дууссан тул бэлэн байгаа бялууг салбаруудаас авах сонголт үлджээ. Ингэснээр 24 цагийн өмнө захиалах боломжтой нэрийн бялуунуудыг авах боломжгүй болсон байна.
Үүнээс гадна "Батбайгаль" бэйкэрид баярын бялуу 30-145 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа аж. Ингэхдээ дугуй хэлбэртэй тоглоомгүй энгийн бялуу 30-42 мянган төгрөг, тоглоомтой нь 54-66 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хоёр давхар энгийн бялуу 78 мянган төгрөг бол тоглоомтой нь 96 мянган төгрөг хүрчээ. Харин дөрвөлжин хэлбэртэй бялууг 85-145 мянган төгрөгөөр худалдаалж байлаа.
Үйлдвэрүүд энэчлэн баярын бялууны урьдчилсан захиалгаа хэдийн авч эхэлсэн бол зарим бэйкэри бүр захиалгаа хаажээ. Тухайлбал, "Жүр үр" бэйкэри баярын захиалгаа арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн авч, өнөөдөр хаасан байна. "Тү лэ жүр" бэйкэри ч мөн адил захиалгаа хаажээ.
Харин "Талх чихэр" ХК-ийн бялууны урьдчилсан захиалга хараахан дуусаагүй байна. Арванхоёрдугаар сарын 6-наас захиалга авч эхэлсэн бөгөөд хоёр өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 24-нд захиалга хаагдана гэлээ.
"Хотол" бялуу хэмжээ, төрлөөсөө хамаарч 26.000 - 51.000 төгрөгийн үнэтэй бөгөөд байгууллагын фэйсбүүк хуудас болон лавлах утсаар захиалга авах юм байна. Мөн захиалсан бялууг үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг "Талх чихэр"-ийнхэн үзүүлж байгаа аж.
ҮНЭ ЯАГААД ӨСӨВ
Баярын бялуу өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн нь тодорхой байлаа. Тухайлбал, Тү лэ жүр бэйкэрийн бялуунууд өнгөрсөн жилийн өдийд дунджаар 33-60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Үүнд хоёр давхар нэрийн бялууны үнийг багтаагаагүй болно. Харин өдгөө тус үйлдвэрийн бялууны үнэ дээрх үнийн дүнгийн дээд үнээс 9900 төгрөгөөр өсчээ. Мөн “Жүр үр” бэйкерийн бялууг өнгөрсөн жилийн мөн үеэр 19-55 мянган төгрөгөөр авч байсан бол энэ жил дээд үнэ нь 10 мянган төгрөгөөр өссөн байна. Тэгвэл Монбэйкери болон Милая сүлжээний бялууны үнэ өөрчлөгдөөгүй аж. Мэдээж хэлбэр хэмжээ, орцоосоо хамаараад зарим нэр төрлийн үнэ нь 1000 хүртэлх төгрөгөөр өсөж бас буурсан байв. Мөн олноор нь үйлдвэрлэхээс гадна цөөн тоогоор хийж борлуулдаг хувь хүмүүс бий.
Тэдний төлөөлөл болох хувиараа захиалгын бялуу хийдэг иргэн Д. Сугармаа, “Өнгөрсөн хугацаанд хил гаалийн асуудлаас болж бараа, материалын үнэ нэлээд өссөн. Гэхдээ одоо эргээд үнэ ханш нь бууж байгаа санагдсан. Бялуу хийхэд өндөр зардал гардаг гэхээс илүүтэй хөдөлмөр ордог учир хөдөлмөрийн үнэлэмжээ нэмж байгаа байх. Бас бялууг хадгалахад тусгай орчин нөхцөл хэрэгтэй учир эмзэг хүнсний бүтээгдэхүүнд ордог. Тиймээс одоогоор хувиараа захиалга авч буй учир олноор нь хийж чадахгүй байгаа. Миний хувьд бялуугаа үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг болохоор энэ жил баярын бялууны захиалга цөөн авна. Ихэнх газрууд хэд хоногийн өмнөөс захиалгаа хаасан байсан” гэв. Бялуу хийхэд ганц өндөг гурил орохгүй. Үүнийг хийхийн тулд гурил, өндөг, жимс, цөцгий, тусгай хөөлгөгч зэрэг 10 гаруй нэр төрлийн түүхий эд ордог байна.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурилын үнэ кг тутамдаа 200-300 төгрөгөөр, крем бэлдэц, жимс жимсгэнэ болон сүүний үнэ нэлээд нэмэгдсэн талаарх тайлбарыг үйлдвэрлэгчид өгсөөр байгаа юм.
БИД ХЭЗЭЭНЭЭС БЯЛУУТАЙ ТАНИЛЦАВ
Манай улсын иргэд 1970-аад оноос эхлэн баярын ширээндээ амтат бялуу тавих болсон байна.Үүнд манай хойд хөршийн нөлөө бий гэлцдэг. Тухайн үед хүнсний будгаар өнгө оруулж зөөхийгөөр крем хийж чимэглэсэн бялуу зонхилон үйлдвэрлэж байжээ. Мөн дэлгүүрийн лангуу хоосорсон 1990-ээд оны эхэн үеэр масло олдоц муутай байсан тул бялууг зефирээр чимэглэдэг байсан аж.
Харин 2000 он гарснаар гаднын орноос төрөл бүрийн сүүн крем орж ирсэн нь бялууг шинэлэг амттай болгожээ. Бүр цааш нь ухаж үзвэл бялуу гэх амттан монголоос үүссэн байж болох ч таамаг бий. XIII зуунд Хубилай цэцэн хааны үед монгол ихэс дээдсийн зоогийн ширээнд маш амттай, бялуурсан боов тавьдаг байсан талаар мэдээлэл тэмдэглэгдэн үлджээ. Зөөхий, жимс болон чихрээр чимэглэсэн тус амтат боовыг тухайн үед юу гэж нэрлэж байсан нь харин тодорхойгүй аж. Хожим хойно нь Б.Ринчен гуай энэхүү амттанг хотол олноороо хувааж иддэг, амархан бялуурдаг гэсэн санаагаар “хотол бялуу” хэмээн нэрийдсэн байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Rinchin guai mundag setgemjtei hvn shvv,yag l onooj ner ogson bdag bna shvv,gaihaltai. Dahin iim hvn 1000 jild ch torohgvi bhdaa.