ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, орны ачаалал, орчилд байгаа вирусийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрээр "2023 оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдлын тоо улсын хэмжээнд сүүлийн 3 долоо хоногт тасралтгүй нэмэгдлээ. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 3%-аар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшин буюу "Улбар шар" түвшинд хүрээд байна. Өвчлөлийг үүсгэн эргэлдэж байгаа вирус нь томуугийн В хүрээний вирус. Түүнчлэн А, H1N1, томуугийн А хүрээний вирус давамгайлан эргэлдэж, энэ удаагийн томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна.
Эмнэлэгт хэвтэлтийн нөхцөл байдлыг авч үзэхэд, хэвтэн үйлчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 6%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүн халдвартай байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )