Томуугийн ачаалал нэмэгдэж, 619 ор нэмэлтээр дэлгэлээ

2023 оны 01 сарын 10

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшин буюу "Улбар шар" түвшинд хүрсэн талаарх мэдээллийг бид /ЭНД/ хүргэсэн. Үргэлжлүүлэн томуугийн дэгдэлтэй холбоотой орны ачаалал болон вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгье.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Томуугийн улирлыг угтуулаад Эрүүл мэндийн сайдын А510 гэсэн тушаал гарсан. Энэ тушаалаар томуугийн дэгдэлт эхлэхэд эмнэлгийн орны ачааллыг хэрхэн зохицуулах талаар тусгайлан зааж өгсөн.

Томуугийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн байдлаар улсын хэмжээнд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Эдгээр орны 407 нь Улаанбаатарт, 212 нь аймаг, орон нутагт байна.

Томуугийн улирал угтаад дархлаажуулалт хийдэг. Энэ удаагийн томуугийн дархлаажуулалт 2022 оны аравдугаар сараас эхэлсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 82 хувьтай байна. Улаанбаатарт 78%, аймаг, орон нутагт 87%-тай байна.

Томуугийн вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам болох 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад наснууд болон архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын тэргүүн шугамд ажилладаг эмч ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийдэг.

Эрсдэлт бүлгээр нь авч үзвэл, хүүхдийн томуугийн эсрэг вакцинжуулалт хамгийн өндөр буюу 99 хувьтай байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцин 19%, 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийн вакцинжуулалт 74%, эрүүл мэндийн ажилтнуудын томуугийн эсрэг вакцин 85 хувьтай байна.

ХӨСҮТ-ийн хувьд өнөөдрийн байдлаар 211 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай хэвтэн эмчлүүлж байна. Эмнэл зүйн байдлыг авч үзвэл, маш хүнд хүүхэд байхгүй. Хүүхдүүдийн 7% нь хүнд, 60% нь хүндэвтэр, 30% нь дунд гэсэн эмнэл зүйн ангилалтай эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмнэл зүйн шинж тэмдгийг авч үзвэл, 100% халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Түүнчлэн 20%-д нь нусгайрах, 38%-д нь амьсгаадах шинж тэмдэг илэрч байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top