Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг угтсан "Тариалангийн сэргэлт-2023" газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг өнөөдөр /2023.04.03/ зохион байгуулж байна.
Чуулганыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нээж хэлсэн үгэндээ "2022 онд Төрөөс тариалангийн салбарт ажил арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 376.5 мянган га-аас 417 мянган тонн үр тариа, үүнээс 394 мянган тонн улаанбуудай, 215.5 мянган тонн төмс, 146.8 мянган тонн хүнсний ногоо, 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 45.7 мянган тонн тосны ургамал хураан авсан. Энэ нь 2021 онтой харьцуулахад төмс 18.7% буюу 34 мянган тонноор, хүнсний ногооны ургац 23.7% буюу 28.2 мянган тонноор нэмэгдэж, дотоодын хангамжийн түвшин 73%-д хүрсэн нь хүнсний хувьсгалд та бидний оруулсан хамтын томоохон үр дүн гэж үзэж байна.
Өнгөрсөн он жилүүдэд хүрсэн ажлын ололт амжилтаа батжуулан, 2023 онд 2023 онд 393 мянган га-д үр тариа, 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл 66.4 мянга га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо, 70 мянга га-д тэжээлийн ургамал тус тус тариалж, 351 мянган га-д уринш боловсруулалт бэлдэх зорилт тавин, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тариаланчдын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулсан 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийт 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна” гэв.
Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд чухал хуулиудыг батлуулах, шинэ үеийн залуусыг тариалангийн үйлдвэрлэлд оролцуулах, залуу тариаланчдыг бэлтгэх, богино хугацааны сургалтад хамруулах замаар хүний нөөцийг төлөвшүүлэх, тогтвортойгоор бэлтгэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ жилийн чуулган нь хууль эрх зүйн орчин болон хүний нөөцийн сэргэлт бий болгоход анхаарч буйгаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )