"Тариалангийн сэргэлт- 2023" үндэсний чуулган өнөөдөр /2023.04.03/ Төрийн ордонд болж байна.
Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгчдөд газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав.
Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
1. Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт
- “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
- “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
- “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
2. Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа.
3. Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт
- Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах;
- ЭЕШ-ын 650-с дээш оноо авсан элсэгчид сургалтын эхний жилд тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох;
- Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч, суралцагчид тусгайлан олгох (хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт квотын 50 хүртэлх хувийг олгох);
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах (үйлдвэрлэлд нэвтрэх ноу-хауг авчирна);
- Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмолжуулан зохион байгуулах;
- Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах (инкубац буюу бойжуулалт хийхэд ЖДҮ болон бусад зээлд хамруулах ),
- Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх (хөтөлбөрийн төгсгөлд өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгалт зохион байгуулж залууст зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх)
- Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ яасан сэргээдэггүй хөгжидгүй мал аж ахуй газар тариалан бэ. Жил болгон гоншигнох юм. Эцсийн эцэст хувийн өмч биздээ. Байнга татаас авахаасаа ичээч та нар!