ЖДҮ эрхлэгчдийг зээлийн батлан даалтын санд хамруулна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэр, Эмералд хурлын танхимд болж байна.

Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид  батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм.

 

Уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, USAID, BEST, "Хөгжлийн шийдэл" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгаад байна.

Тухайлбал:

• Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.3 тэрбум төгрөг,

• Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум төгрөг,

• Хүнсний боловсруулах, сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top