Өнөөдөр 2023.06.20. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дүрвэгсдийн өдөр. Мөн Амьтны хүрээлэнгийн заануудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Аргентинд өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Сенегалд Тусгаар тогтнолын, Узбекистанд Бүрэн эрхт байдлын өдөр юм.
Өнөөдөр Францын нэрт улстөрч Жан-Мари Ле Пен, Америкийн дуучин Лайонел Ричи, “Оскар”, “BAFTA”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Австралийн жүжигчин Николь Кидман, Америкийн кино найруулагч Роберт Родригес, Английн хөлбөмбөгч Фрэнк Лэмпард зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1950 оны энэ өдөр “Правда” сонинд Сталины «Марксизм ба хэл шинжлэл» нийтлэл хэвлэгджээ.
1954 оны энэ өдөр Болгар, Румыны хооронд “Найрамдлын гүүр” нээжээ.
1969 оны энэ өдөр Родезиа буюу орчин үеийн Зимбабвед иргэд бүх нийтийн санал хураалтаар тус улсыг Бүгд найрамдах улс гэж зарлахыг дэмжсэн байна.
1990 оны энэ өдөр Узбекистаны бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглажээ.
1992 оны энэ өдөр Тувад ОХУ-аас тусгаар болох бүх нийтийн санал хураалт явуулахаар гарын үсэг цуглуулжээ.
Энэ өдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )