Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт өчигдөр /2023.06.22/ боллоо.
Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон төслийн удирдах хорооны гишүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцов.
ЭМЯ, ДЭМБ хамтран Европын Холбоо болон ДЭМБ-ын 1.0 сая гаруй еврогийн санхүүгийн дэмжлэгээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар төсөл хэрэгжүүлэгчид тодорхой тайлагнасан. Энэхүү төслийг Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, тархалт болон үр нөлөөг хязгаарлах чиглэлээр эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх; үндэсний болон орон нутгийн түвшинд лабораторийн чадавхийг бэхжүүлэх, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрснийг эрүүл мэндийн салбарынхан болон төслийг дэмжигч талууд онцлон сайшааж байв.
Энэхүү төслийн хамгийн гол үр дүн эрүүл мэндийн ноцтой байдал, аливаа өвчний дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхи, анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаандаа бэхжүүлэхэд оршиж буйг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.
Төслийн хүрээнд эх, хүүхдийн, халдварт ба халдварт бус өвчний тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эх, хүүхдийн, мобайл технологийн багц болон зайн сургалт, зөвлөгөөн хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ХӨСҮТ, СЭМҮТ болон Баян-Өлгий, Булган, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Ховд, Завхан аймаг, Налайх дүүргийн анхан ба лавлагаа шатлалын 40 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулан нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр бие даан суралцах боломжтой интерактив сургалтын таван модулийг боловсруулсан нь зөвхөн Ковид-19 халдварын үед төдийгүй цаашид эмч мэргэжилтнүүдэд зайнаас бие даан суралцах боломжийг бүрдүүлсэн байна.
“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд халдварт өвчний үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмж дүн шинжилгээ хийдэг болсон нь томоохон ололт бөгөөд үр дүнд нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг болж, цар тахлын үед нийгмийн олон талт харилцааг зохицуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.
Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, найман дүүрэгт бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх хүчин чадалтай лабораториудыг байгуулж, лабораториудад ажиллах хүний нөөцийг сургаж чадавхижуулан, шаардлагатай урвалж оношлуураар хангасан нь төслийн бас нэг томоохон үр дүн юм.
Сэтгэгдэл ( 0 )