Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-д үйлдсэн хэмээн таамаглаж байгаа цэргийн гэмт хэргийн төлөө цаазаар авах ял ногдуулах нь хууль зүйн хувьд боломжтой гэж Ираны гадаад харилцааны орлогч сайд Казем Гарибабади мэдэгдсэн тухай телевизийн PressTV суваг мэдээлсэн байна.
“Палестины ард түмнийг дэмжигч хоёроос гурван улсаас бүрдэх шүүх байгуулах боломжийг бид судлах хэрэгтэй. Ийм шүүхийн хүрээнд дээр дурдсан шийдвэрийг гаргаж болох юм. Миний бодлоор боломжгүй зүйл байхгүй бөгөөд хүчин чармайлт гаргавал ингэх боломжтой” гэж тэрээр тэмдэглэжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд Йоав Галант нарыг Палестины нутаг дэвсгэрт болон Газын зурваст 2023 оны аравдугаар сарын 8-наас 2024 оны тавдугаар сарын 20-ны хооронд үйлдсэн хэмээн таамаглаж байгаа цэргийн гэмт хэрэг болон хүмүүнлэгийн эсрэг гэмт хэргийн төлөө баривчлах зөвшөөрлийг Олон улсын эрүүгийн хэргийн шүүх олгосон тухайгаа арваннэгдүгээр сарын 21-нд мэдээлсэн юм. Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилан хянан хэлэлцэх танхимын үзэж байгаагаар, дээрх албан тушаалтнууд аллага үйлдэх, мөрдөн мөшгөх, хүмүүнлэг бус бусад үйлдэл хийх, энгийн иргэдийг өлсгөлөнд өртүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой ажээ.
Сэтгэгдэл ( 0 )