"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Марафоны бэлтгэл, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, нийтийн тээврийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

 

 

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “”Улаанбаатар марафон”-д гадаад, дотоодын 30 мянга гаруй гүйгч оролцдог, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болж өргөжин тэлж байна. Марафонд 42 км 195 метр, 21 км 095 метр, 10 км, 5 км, 1500 метр, 500 метр, 800 метр гэсэн долоон төрлөөр оролцогчдыг бүртгэж байна.  

Бүтэн марафон буюу 42 км 195 метр гүйлтэд 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх гүйгч болон тусгай хэрэгцээт иргэд оролцоно. Хагас марафон буюу 21 км 095 метр гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гүйгч, тусгай хэрэгцээт гүйгч оролцоно. 10 км, 5 км нь 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлтийн төрөл юм. 1500 метрт тусгай хэрэгцээт иргэд болон гэр бүлээрээ оролцоно. 800 метр, 500 метрт тусгай олимпын төрлөөр гүйгчид оролцоно. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд Англи, Япон, Кени, ОХУ, БНХАУ-аас гүйгчид бүртгүүлээд байгаа.

Энэ жил хагас, бүтэн марофоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Дэлхийн Хөнгөн атлетикийн холбооноос 2030 он хүртэлх хугацаатай "Олон улсын хэмжилтийн "В" ангиллын сертификат" олгосон онцлогтой. Мөн энэ жил дэлхийн томоохон марафонууд болох “Берлин марафон”, “Лондон марафон”-д ашигладаг Герман улсад үйлдвэрлэсэн хурд хэмжих төхөөрөмж болох “Race Result Ubidium” цаг хэмжих төхөөрөмжийг “Улаанбаатар марафон”-д нэвтрүүллээ.

“Улаанбаатар марафон”-ы гараа өглөө 10:00 цагт эхэлдэг байсан бол энэ жил 09:00 цагт эхэлнэ. Бүртгэлийг энэ жил гуравдугаар сарын 9-нд эхлүүлсэн бол тавдугаар сарын 1-нд хаана. 11 мянга гаруй гүйгч цахим бүртгэлд хамрагдаад байна. “Улаанбаатар марафон”-д идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна” гэлээ.

 

 

Марафоны үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэл өглөө. Тэрбээр ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна. Нийтийн тээврийн апплейкишнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ. Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг” гэв.

 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Болдбаатар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцогчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээг нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний 10 баг ажиллана. Гараа, барианы цэгт нэг баг, гүйлтийн зам дагуу усны байршлуудад таван баг, хөдөлгөөнт дөрвөн баг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь тохиромжтой. Зүрх, судас, уушгины өвчтэй болон гүйлт эхлэхээс 5 хоногийн өмнө халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүс марофонд оролцохгүй байхыг уриалж байна. Гүйхээс өмнө дасгал сургуулилалт хийж бэлтгэх, 48 цагийн өмнөөс хооллолтод анхаарч, 5 хоногийн өмнөөс согтууруулах ундаа хэрэглээгүй байх, гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж 20 минут тутамд 100-200 мл ус уух, тухайн гүйлтэд оролцохдоо гэмтэл холголтоос сэргийлж, шинэ пүүз, хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөж байна" гэлээ. 

 

 

Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жилээс дэлхийн элит тамирчид албан ёсоор оролцох боломж бүрдэж байна. Дэлхий болон Азийн Хөнгөн атлетикийн холбоонд мэдээллийг тогтмол өгч, тамирчдын олимпын оноонд нөлөөлдөг байхаар марофоныг зохион байгуулахаар тооцож байна. Манай улсын хувьд ч гэсэн дэлхийн болон олимпын наадамд оролцдог элит дөрвөн тамирчин энэ жил марофонд оролцоно. Сайн дурын 700 гаруй хүмүүс, 100 шүүгч оролцоно” гэсэн юм.

 

 

Энэ жил 21 км, 42 км буюу хагас, бүтэн марафоны гүйлтийн маршрутад өөрчлөлт орж байгаа. Сүхбаатарын талбайгаас гараанаас гараад Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүрч, нүхэн гарцаар гараад зүүн тийш призер хүрээд буцаж эргэж, Дүнжингаравын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэнгийн ар, И-мартын уулзвар хүрнэ. И-мартаас Удирдлагын академи руу эргэх туслах замаар худалдааны төвөөр баруун эргээд буцаж И-мартын уулзвараар барианд орно гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top