Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эмгэнэл илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Монгол Улсын Уул уурхайн яамны Хэвлэлийн төлөөлөгч, NBS телевизийн захирал, нэрт сэтгүүлч Сүхээгийн Наранбаатар 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр амь эрсдэж Монголын сэтгүүл зүйд хүнд гарз тохиолоо.

С. Наранбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг төгссөн, нийгэм судлаач  бөгөөд телевизийн салбар, тэр тусмаа мэдээний төрлөөр дагнан мэргэшсэн нэрт сэтгүүлч байлаа.  Тэрбээр 1997-2001 онд “Ийгл” телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 2003 оноос С-1 телевизийн мэдээний албаны дарга, 2005-2007 онд NTV телевизийн мэдээний албанд Ерөнхий редакторын алба хашиж байхдаа телевизийн мэдээ, мэдээллийн шинэ чиглэл, урсгалыг буй болгож Монголын орчин үеийн сэтгүүл зүйн өнгө төрхийг тогтооход өөрийн өвөрмөц хэв маягийг бүрдүүлж хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн туршлагатай сэтгүүлч, зохион байгуулагч юм.

С. Наранбаатар С-1 телевизийг өнөөгийн энэхүү өндөрлөгт хүргэх эх суурийг тавилцсан туршлага дээрээ суурилан  NBS телевизийг 2010 онд үүсгэн байгуулж захирлаар нь томилогдон үр бүтээлтэй ажиллаж байв. Тэрбээр Уул уурхайн яамыг бие даан байгуулсан цагаас тус яамны бодлого шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв, хүртээмжтэй, шуурхай хүргэх ажилд хүчин зүтгэхээр Уул уурхайн яамны Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн зөвлөхөөр ажиллаж байв.

С. Наранбаатар хүний эрх, эрх чөлөөг ямагт эрхэмлэн дээдэлж чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан Монголын сэтгүүл зүйн залуу үеийн хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч байсан юм.

С. Наранбаатарын  сэтгүүл зүйн хөдөлмөр бүтээлийг үнэлж Монголын төрөөс “Алтан гадас” одон, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” бүтээлийн шагналаар шагнасан билээ. Түүний сэтгүүлчийн мэргэжлийн өндөр ур чадвар, шинэлэг сэтгэлгээ, өвөрмөц төрх байдал, цайлган цагаан зан, шулуун шударга, эрмэг дайчин зан чанар нь бидний сэтгэлд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top