Х.Бат-Ирээдүй: Эмчилгээний зардал хүссэн хүсэлт их ирж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцав.

-Иргэдийн дуу хоолойг сонсох 1111 төвд эрүүл мэндтэй холбоотой санал, хүсэлт давамгайлан ирж байгаа нь хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсонтой холбоотой болов уу?

-Тийм ээ. Шинэчлэлийн Засгийн газрын иргэд рүүгээ чиглэсэн олон талт арга хэмжээний нэг болсон 1111 төвийг 2012 оны 10 дугаар сараас ажиллуулж эхэлсэн.  Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны 1111 төв иргэдийн 1350 саналыг хүлээн авч 1300 буюу 96.3 хувийн саналд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлах, эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж болон эмнэлэгтэй холбоотой гарсан гомдлыг бүрэн шийдвэрлэсэн. Харин үлдсэн 4 хүрэхгүй хувийн санал шийдвэрлэх шатандаа явж байна. Хариулж буй үзүүлэлт, жагсаалтыг Засгийн газрын 1111 төвд гаргадаг бөгөөд манай салбар хариулах байдлаараа тэргүүлэх эгнээнд явж байгааг бид эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэл, салбарын удирдах байгуулллагын зүгээс өвчтөн, үйлчлүүлэгчидэд төвтэй ажиллаж байгаагийн нэг илрэл хэмээн харж байна.

-1111 төв нээгдсэнийг иргэд талархалтай хүлээн авч, төрийн байгууллагуудын ажлын эрчимжүүлэхэд дуу хоолойгоо илэрхийлэх болсон. Ямар санал, хүсэлт илүү ихээр ирж байна вэ?

-Саналуудаас авч үзвэл дотоод, гадаад эмчилгээний зардал хүссэн, сайд дарга нартай уулзах хүсэлт,эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөхыг хүссэн, ажилд орох,чөлөөлөх,шагнуулах, эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн гэх мэтчилэн ирдэг. Харин гомдол, шүүмжлэлийн хувьд тусламж, үйлчилгээний чанартай холбоотойгоор эмнэлгүүдийн ор хоногийн хүлээгдэл, ажлын цаг ашиглалт, харилцаа хандлага, эмнэлгийн удирдлагуудтай болон бодлого шинэчлэлийн асуудлууд зонхилж байгаа. Өнгөрсөн 2012 оны саналыг дүгнэхэд ирсэн мэдээллийн 30% нь Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа байгууллагуудтай холбоотой байсан. Тиймээс НЭМГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар сонсож байна лавлагаат мэдээллийн төв 1200, иргэдэд үйлчлэх 1234 төвүүд рүү нийслэлд гарч буй асуудлыг 1111 төвөөс шууд шилжүүлж шийдвэрлэдэг болсон. Мөн зарим асуудлыг эмнэлгийн чанарын менежерүүдтэй холбогдож шийдвэрлэж байна.

-Дээрх гомдол, шүүмжлэлээс гадна талархал мөн ирдэг байх?

-Иргэд маань эмч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ тааруухан юм уу гэж анзаарагдсан. Учир нь өдөрт хэдэн мянган хүн эмч нарынхаа ачаар эрүүл саруул болж эмнэлгээс гарч байгаа хэдий ч талархсан сэтгэлээ утсаар дамжуулан хэлдэггүй. Манай төв дан ганц санал, гомдол авдаггүй, талархлыг ч мөн хүлээн авдаг хэлмээр байна. Түүнчлэн яамныхаа сайтад байршуулан алдаршуулдаг. Саяхан гэхэд л Баянхонгор аймагт эмнэлгийн ажилчдын хайхрамжгүй байдлаас болж түлэгдсэн нярайн гэр бүлийнхэн хүүхдэд нь цаг алдалгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч бүрэн эдгээж, эмчилж өгсөнд талархсан сэтгэлээ ирүүлсэн.

-1111 төв иргэдийн санал, гомдлыг ямар журмаар шийдвэрлэдэг вэ? Мөн иргэдийн өгсөн санал, гомдлыг орхигдуулах явдал гардаг уу?

-Иргэд санал, хүсэлтээ вэб сайт, фэйсбүүк, твиттер, и-мэйл зэрэг 10 сувгаар ил тод ирүүлдэг бөгөөд бид бүрэн автоматжсан системийг ашигладаг тул орхигдох, гээгдэх асуудал гардаггүй. Төрийн байгууллагад ирсэн иргэдийн санал гомдлыг хуулийн хүрээнд 30 хоног дотор бүрэн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах журамтай хэдий ч ЭМЯ-ны 1111 төвд ирж буй иргэдийн асуудал нэг бүрт ялгалт хийн, хяналтын картыг боловсруулж яамны газар, хэлтсүүд болон харьяа байгууллагуудад мэдэгдэн шалгуулж 1-7 хоногийн дотор хариу өгөхөөс гадна зарим гомдол, шүүмжлэлийг шууд цаг тухайд нь хурдан шуурхай барагдуулдаг. Нэг асуудал бүрийн цаана хэдэн гэр бүл, хүний амь настай холбоотой асуудал хүлээгдэж байгаа билээ. Мөн ирж буй саналуудыг 7 хоног бүрийн Баасан гаригт Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт мэдээллэн яамны бодлогын зөвлөмж боловсруулахад оруулж байгаа.

-Одоо эрүүл мэндийн салбарт гарч буй шуугиан намжиж байна. 1111 төвөөр иргэд хэр гомдол санал ирүүлж байгаа бол?

-Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд шил даран гарч байгаа мэт харагдаж байгаа нь зарим нь хэт туйлширч, ташаа мэдээлэл цацсанаас үүдэлтэй бөгөөд иргэдэд эрүүл мэндийн салбарын үнэн бодит мэдээлэл хомс очих болсон. Эдгээр байдал нь салбарын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад харамсдаг. Хамгийн үнэн зөв мэдээллийг мэргэжлийн хүн нь л өгнө.

-ЭМЯ-ны зүгээс хийж буй ажлуудын чухал нэгэн хэсэг нь иргэдийн саналыг авах гэж харагддаг. 1111 төвөөр иргэдийн саналыг авахаас гадна танай 323002 утас идэвхтэй ажилладаг гэсэн. Ер нь ЭМЯ иргэдийн дуу хоолойг сонсох ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын санаа, санаачлагаар иргэдийнхээ дуу хоолойг илүү ойрхон сонсох үүднээс харьяа эмнэлгүүдэд иргэдээ сонсох цэг ажиллуулан иргэдийн санал, хүсэлтийг авсан. Мөн яамны нэрийн хуудсыг хэвлүүлж эмчлүүлж буй иргэдэд өгсөн, нээлттэй утас 323002, ЭМЯ-ны www.moh.mn сайтаар санал асуулга явуулж иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажилласан байгаа. Иргэд ч энэхүү санаачлагыг нааштай хүлээн авсан. Үүний зэрэгцээ “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт Эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж, одоогоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хийгээд байна. Таны үнэтэй санал эрүүл мэндийн салбарт оруулах томоохон хувь нэмэр болдог тул эрүүл мэндийн салбартай холбоотой шинэчлэлд оруулах саналуудаа бидэнд хандан өгөх бүрэн боломжтой.

Н.Од

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top