”Бишрэлт холдинг”-ийн охин компани ” Юнико” Энхтайван найрамдлын ордныг нураах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Төрийн өмчийг хэнийх ч биш гэж итгээд хувь эрх ашгийнхаа төлөө дур зоргоороо ашигласан байж болзошгүй хэргүүд олон бий. Зарим нь хууль, хяналтын байгууллагын босгыг даваад байгаа бол зарим нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг араасаа эрхгүй дагуулж байгаа юм. Тийм асуудлуудын нэг бол Энхтайван найрамдлын ордон ба газрын асуудал.  

“Энхтайван найрамдлын нийгэмлэг”-ээр овоглосон Д.Билэгт, Д.Цахилгаан нарын эрхмүүд Энхтайван найрамдлын ордны барилгыг газартай нь БСШУЯ-ны Дэд сайд асан Б.Ундармаагийн “Бишрэлт Холдинг”  компанийн охин компани  “Юнико Констракшн"-д тэрбум төгрөгөөр зарсныхаа араас  “Манай нийгэмлэг төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих шийдвэр гаргасан” гэх тайлбарыг хийгээд сууж буй.

Хэрэг дээрээ бол энэ нь өргөтгөл бариад өнгөрөх асуудал биш. Харин хэдхэн хүн бүхэл бүтэн нийгэмлэгийг хувь эрх ашгийнхаа төлөө ашиглаж байгаа явдал гэвэл үнэнд нийцэх аж. Учир  нь одоогоос 32 жилийн  өмнө баригдсан “ордон”-ы барилга бус, хотын А зэрэглэлийн бүс дэх газар нь өөрөө бизнесийн бүлэглэлүүдийн араа шүлсийг гоожуулж ирсэн.  Тиймдээ ч Энхтайван найрамдлын ордны эзэмшил дэх газрын хэмжээ 2000 оноос өмнө 0.9 га байсан бол, Д.Цахилгаан,  Д.Билэгт нарын удирдлагуудын зөвшөөрөлтэйгээр бусдад шилжиж, өдгөө нөгөө муу хуучны барилга л бууриа сахиад торойж байгаа харагдавч, хэдийнээ эзэн нь өөрчлөгдсөн тул, нурж унах цагаа хүлээгээд байж байгааг хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээс  ойлгоход ядах юмгүй.

Тус ордны барилгын өмнөх талбайд  “Жигүүр гранд”-ын бас нэг бүтээгдэхүүн болох  “Сандэй-2” барилгын ажил дуусч байгаа бол, ордныг газартай нь өөрийн болгосон  “Юнико” констракшны 12 давхар барилга яг хажууд нь байж байна.

Тэгэхээр угаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Юнико” констракшн Д.Цахилгаан,  Д.Билэгт нарын удирдлагууд шиг Энхтайван найрамдлын ордны барилгад  20 гаруй түрээслэгч оруулж ирээд сар бүр мөнгө аваад суугаад байхгүй. Илүү олон давхар барилга барьчихаад илүү их мөнгө саахыг хүсч байгаа нь дамжиггүй. Мэдээж бизнесийнхэн ашгаа л бодно.  

Харин нөгөө талд нэгэн цагт 40 гишүүнтэй байсан, өдгөө 20-ийг нь  л авч үлдсэн гэх Энхтайван найрамдлын нийгэмлэг гэх байгууллага гудамжинд гарч байгаа бололтой юм. Уг нь  энэ ордонд  Монгол, Зөвлөлтийн найрамдалт харилцаа төдийгүй монголын шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмрээ оруулж буй Сансар судлалын холбоо,  мөн Чех Словакийн найрамдлын нийгэмлэг гэхчлэн зөвхөн дотооддоо бус гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон газар бий. Тэгэхээр эдгээр газрууд ийнхүү хөөгдөж байгаа юм байна.

Ер нь бол ордноо зарах үйл ажиллагааг нийгэмлэгийн удирдлагууд нь гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр хийсэн гэх мэдээлэл бий. 1 сая ам.доллараар “Юнико”-д зарсан гэх мэдээлэл гарахаас өмнөхөн Энхтайван найрамдлын ордон зарагдах тохироо аль хэдийнээ хийгдсэн байх магадлалтай талаар хэвлэлийнхэн анх бичиж байсан. Тодруулбал, Энхтайван, найрамдлын төлөөх Монголын холбооны удирдах зөвлөлийн хуралдаж тийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл байсан.  Ямар ч байсан ордны өмнөх талбайг худалдахад саналаа нэмэрлэсэн хүмүүс нь тус холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаас гадна Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ЭТНМХ-ны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, эрүүл мэндийн сайд асан академич П.Нямдаваа, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор профессор С.Дашзэвэг, Монцамэ агентлагийн захирал Т.Баасансүрэн (тэрээр удирдах зөвлөлд байдаггүй), гэсэн нэр бүхий хүмүүс гэдэг нь тухайн үед яригдаж байсан юм.

Тэгэхээр тус нийгэмлэгийн нөхдүүд өөрсдөө төрийн мэдлийн ордныхоо хуучин барилгыг, газартай нь 1 сая ам.долларт зараад, өөрсдөө гадаа гарах замыг сонгосон бололтой.

Харин “ Юнико Констракшн” ХХК  тэднээс газрыг нь авахдаа эргээд хуулийн үүднээс ярьвал ямар асуудал үүсэх бол гэдгийг огтоос тоогоогүй бололтой юм. Уг нь төрийн өмч гэдэг бол түмний мэдлийн юм. Гэхдээ тэглээ гээд хэн дуртай нь идэж, ууж, шамшигдуулж болно гэсэн үг бол биш. Өмчиндөө эзэн шиг хариуцлагатай хандаад, хэсэг бусаг нөхдөд ашиг дагуулсан байж болзошгүй энэ асуудлыг шийдвэрлэе гэвэл дуугарах цаг одоо болжээ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top