Өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 28-ны өглөө Замын цагдаагийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн өглөөний гаралт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон жолооч нарын ажилд гарч байгаа байдлыг шалгасан байна.
Шалгалтаар нийтийн тээврийн жолооч нар тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчилтэй, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, гэрэлтүүлэх хэрэгсэлүүд гэмтэлтэй тэр ч байтугай эрхээ хасуулсан хэр нь үйлчилгээнд автобус жолоодон гарч байсан байна.
Түүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн үйлчилгээнд гарах гэж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн ээлжийн амралтаараа автобус компани хооронд дамжин ажилладаг, ангилал ахиулах шалгалтанд орж байгаа нэрээр ангилалгүй жолооддог, ангилал ахиулах курст сууж байгаа ч нийтийн тээврийн хэрэгсэл дээр дадлага хийдэг зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын үед “Эрдэм транс” ХХК-ний Daewoo bus-105 маркийн 0603 УНБ улсын дугаартай автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлчилгээнд гарах гэж байсныг драгер үлээлгэхэд 0.69% гарсан байна.
“Мон-Кара” ХХК-ийн 23-31 УБП улсын дугаартай Hyundai маркийн автобусны жолооч Ц.Охиноо нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тухайн жолооч нь Автобус-3 компанид ажилдаг бөгөөд ээлжийн амралтаар “Мон-Кара” ХХК-нд ажиллаж байсан гэх зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.
Мөн 6374 УНЯ улсын дугаартай Hyundai маркийн автобусны жолооч Анхбаяр нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан бөгөөд шалгахад ВС ангилалтай тус автобусны кондуктороор ажилладаг D ангиллын курст сууж байгаа бөгөөд баазаас эцсийн буудал хүртэл 1.5 км газар дадлага хийх зорилгоор барьдаг хэмээн мэдүүлжээ.
Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ноцтой зам тээврийн осол гаргаж байгаад анхаарах цаг болсныг дээрхи шалгалт харуулж байна. Замын цагдаагийн газраас дээрхи байдлыг таслан зогсоох зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )