М.Ичинноров: Нийтээрээ маргаашдаа итгэл дүүрэн амьдраасай гэж хүсч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

“Амьдрах ухаан-Амжилтын хөтөч сургалтад суугаад, номоо өдөр бүр хөтлөөд баяр хөөртэй гарч ирж байгаа хүмүүсийг хараад миний сэтгэл доглохгүй, баярлахгүй байхын аргагүй. Тиймээс  аз жаргалын төсөл хэрэгжүүлж, хүмүүс баяр хөөртэй байхыг өдөр бүр харж байгаа болохоор би аз жаргалтай байна.” хэмээн “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” номын хоёр зохиогчийн нэг М.Ичинноров ярьж байна.

Өнөөдөр “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” номын нээлт Интерномд болсон юм. Номын зохиогч М.Ичинноров, Аксел Фишер болоод Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид, ШӨХТГ-ын дарга О.Магнай, Хувь хүний хөгжлийн инстиутын багш Ц.Төгөлдөр, Д.Мягмардорж, М.Алтанцэцэг нарын эрхмүүд болоод олон залуус  номын нээлтэд оролцсон юм. Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь  хүний хөгжлийн институттэй  хамтран “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл  төслийг хэрэгжүүлэгчид  энэхүү хөтөч номоо Монгол айл  бүрт, монгол хүн  болгонд хүргэхийг зорьж буй аж.

Зохиогч М.Ичинноров нээлтийн ёслолыг нээж үгэндээ “Шинэчлэлийн Засгийн газар Хувь хүний хөгжлийн институттэй хамтран “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хувь хүний хөгжлийн институт байгуулаад, нээлтэд Ерөнхий сайд оролцоод, хонх цохихоор Ичинноров  Ардчилсан намд элслээ, улстөрд эргэж ирлээ гэж хэвлэлээр бичих  болжээ. Миний хувьд намд ороогүй, нам бус. Харин Шинэчлэлийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа  хувь хүнийг хөгжүүлэх  хөтөлбөрт өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа аз жаргалыг мэдэрч, баяр хөөртэй байгаа. “Амьдрах ухаан амьдралын хөтөч” хөтөлбөр бол аз жаргалын төсөл. Бидний хэрэгжүүлж байгаа төслийн гол цөм нь  хүн гэдэг өөрөө ямар агуу баялаг юм бэ, би хэн бэ гэдгээ танин мэдэх нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулж, хүний дотор байгаа  асар их нөөц баялгийг нээн илрүүлэх хөтөч болох.

 “Амьдрах ухааны гарын авлага-амжилтын хөтөч” ном нь нэг удаа уншаад орхидог ном биш. Цагийн хуанлитай тэмдэглэлийн дэвтэр  ч биш. Та бидний амьдралын хөтөч юм. Үүнийг  та бүхэн өдөр бүр ашиглаж, амжилтад хүрээсэй. Бид энэ номыг Монгол хүн бүрт хүргэхийг, монгол хүн болгоны хэрэглээ болгохыг, айл өрх бүрийн амжилтын хөтөч болгохыг хүсч байна. Нэг хэсэг нь баян чинээлэг, нэг хэсэг нь баяр хөөртэй байхыг  биш нийтээрээ  аз жаргалтай,  нийтээрээ сэтгэл дүүрэн, маргаашдаа итгэл дүүрэн амьдраасай гэж хүсч байна. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм” гэж онцолж байлаа.

Харин нөгөө нэг зохиогч Аксел Фишер “Би олон жил хүмүүстэй ажиллаж ирсэн. Хүн өөрөө өөрийгөө таньж мэдэж, өөрөө өөртөө итгэлтэй болж, давуу хийж чадах зүйлээ олж чадснаар  өөрчлөгддөгийг туршлагаасаа анзаарсан. Алт эрдэнэсээс үнэтэй баялаг нь хүн өөрөө  юм. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж, нээж чадвал амжилтад хүрч чадна, сэтгэл хангалуун амьдарна, аз жаргалтай болно, улс орноо хөгжүүлнэ. Үүнд хүрэх асар их хүч нь хүний дотор байдаг. Түүнийг нээх, түлхүүрийг олоход бид туслахыг зорьж байгаа. Энэ ном таны амжилтын хөтөч, жинэхэнэ дасгалжуулагч, аз жаргалд хөтлөх гүүр болно” гэж байсан.

 Тодотгоход, энэ ном нь тэмдэглэлийн дэвтэр, цагийн хуваарь, уулзалтын цагаа төлөвлөх хэмжээнд хэрэглэх бус амжилтын зарчимуудыг танин мэдэх мэдээллийг ч өгч, өөрөө өөрийнхөө хүч чадалд итгэх итгэлийг өгнө. Ном нь гурван бүлэг болон 2013 оны тэмдэглэл гэсэн хэсэгтэй. Хэсэг тус бүр нь таны өөрийн олж нээсэн дотоод ертөнцийнхөө хүчээр ялагчийн байр сууринд хүргэх зааварчилгаа бүхий хөтөч болох аж.

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч  Б.Галаарид “Би өмнө нь олон номын нээлтэнд оролцож байсан.  Дээхэн үед Ерөнхийлөгч П.Очирбат “Би ийм тансаг шинэ жилийн баярт анх удаа  орж үзлээ” гэж хэлээд шүүмжлэлд  өртөж байсан удаатай. Түүн шиг  ийм хэрэгтэй номын нээлтэнд цөөхөн очиж байсан юм шиг санагдаж байна.  Би ихэвчлэн хувь хүмүүсийн оюун санааны  уран бүтээлийн нээлтэнд оролцож байсан юм байна. Ном бол чухал. Харин бүх хүмүүсийг амжилтанд хүргэхэд хөтлөх энэ ном бол үнэхээр чухал юм.

Монголчууд  амьдрах ухааныг амьдралаас сурдаг. Амьдралын хар ухаанаар, гэрийн боловсролоор, шав сургалтаар амьдрах ухааныг түгээж байлаа. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ.

Үхэр тэрэг. Би хүүхэд байхдаа  дугуйг яагаад дув дугүй тойргоор хийж болдоггүй юм болоо. Яагаад зууван хийдэг юм бэ гэж гайхдаг байлаа.  Тэгэхээр монголчууд хөлөглөж байгаа үхрийнхээ алхаанд тааруулж, хүчийг нь сааруулдаггүй гэдгийг бодолцон зууван хийсэн байх жишээтэй.

Морины чөдөр гэж бий. Тэр чөдрийн урд талын хоёр хөлийг холбох  хааг нэгийг нь богино, нөгөөг нь урт хийдэг. Энэ бас учиртай. Нэг талын хааг нь богино хийчихээр алсуураа  тойрч идээд хол явдаггүй. Өөрөөр хэлбэл, чөдөртөө захирагдаад тодорхой хүрээн дотор эргэлдэж байна гэж тооцсон хэрэг. Монгол ухаан гэж үүнийг л хэлж байгаа юм.

Энгийн боловч амьдралд хэрэгтэй ухааныг өнөө цагийн хэлбэрээр хүргэж өгөх амьдралын том сургалтын үүд хаалгыг Ичинноров маань нөхдийнхээ, багийн хамт санаачлан нээж байгаа юм байна. Хувь хүнийг хөгжүүлэх энэ том үйлсийг ч   Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Энэ нь нүдээ олсон, цагаа олсон хэрэгтэй зүйл. Бид хэт том асуудлыг яриад жижгийг орхидог гэмтэй. Дэлхийн, улс орнуудын, улстөрийн   гээд том асуудлыг яриад Хятадын төрийн бодлогы шүүмжлээд сууж байх жишээний. Гэтэл хувь хүнд хандсан, хэн бэ гэдгээ нээх,хөгжүүлэх ухаан, уламжлалаа  гээсээр, алдсаар  ирсэн байсан. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаас” гэж сургадаг.  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг . Ардчилсан хувьсгал ялаад олон өөрчлөлт хийсэн. Оюун санааны асар том хувьсгал хийсэн боловч хувь хүн рүүгээ хандсан, анхаарсан бодлого орхигдсон юм.  Ичиннорв бол нэг талаасаа сайн нийтлэлч. Тэр утгаар нь Сэтгүүл зүйн армийн нэг төлөөлөл гэж би хувьдаа боддог. Ийм сайхан ном бүтээсэн учир нээлтэнд заавал зорьж ирсэн хэрэг. Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ ойн дээр ийм ном гарч байгаад баяртай байна. Хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх үйлсийг тань дэмжиж байна ” гэлээ.

Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Ичиннорвыгоо ном гаргаж байгааг сонсоод баярлалаа. Мэдээж ирэх ёстой хүний нэг нь би. Энэ эмэгтэй миний найз, хамтрагч. Монголын цөөхөн тэмцэгч эмэгтэйчүүдийн нэг. Би тэмцэгч хүмүүст хайртай, хүндэлдэг.

Энд олон залуус цугларсан байна. Залуу хүн бүр тэмцэгч байгаасай. Залуу хүн амьдралдаа эзэн нь байгаасай гэж үргэлж хүсдэг. Хүн хичнээн ухаантай  ч хэлэхээс нааш гэсэн үг бий. Амьдрах ухаан-Амжилтын хөтөч  ном залуусыг амжилтад хүрэхэд , амжилтыг их залуудаа мэдрэхэд хэрэг болох болов уу гэж бодож байна. Намайг 20 орчим настай байхад минь ийм ном гарсан бол илүү хэрэг болох байжээ.

Миний найз, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх ёстой байсан. Гэвч тэрээр гадаадад ажлаар яваа. Миний өмнөөс М.Ичинноровт мэнд дамжуулаарай гэж надад хэлсэн шүү.

Энэ ном монгол залуу хүн бүрийн ширээний ном болоосой, монгол залуу хүн бүр амжилтад хүрээсэй. Хувь хүн нь амжилтад хүрсэн нийгэм өөрөө амжилтад хүрэх нь ойлгомжтой. Хувь хүний боловсролыг дэмжиж байгаа, тэр дундаа залуучуудын амжилтанд хүрэх замыг гэрэлтүүлж байгаа энэ үйлс улам дэлгэрэх болтугай. Залуучуудад эрч хүч, эр зориг нэмнэ гэж ойлгож байна” гэв.

“Амьдрах ухааны гарын авлага-Амжилтын хөтөч” номын нээлтэд олон залуус хүрэлцэн ирсэн байлаа. Төгсгөлд нь тодотгоход, энэ ном бол уншаад өнгөрдөг тууж биш аж. Харин танд эерэг өөрчлөлтийг дагуулах нэн хэрэгтэй бүтээл болсныг нээлтэд хүрэлцэн ирсэн нэр бүхий эрхмүүд хэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top