О.Магнай даргаа.. Л.Гантөмөр сайдын зөв үү, буруу юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн байгууллагынханд нэгэн  анхааруулсан уриалгыг хүргэсэн юм. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль дахь 33-р зүйл болон 39-р зүйл дахь заалтуудыг зөрчихгүй байх тухай. Сонгогчдод ижил тэгш, шударга үйлчилж радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрт ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцох болон тус хуулийн 39.6-д заасан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, түүнчлэн нэр дэвшигчийн талаар дагнан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглож байгааг анхаарч ажиллахыг анхааруулсан.

Тэгвэл одоо ШӨХТГ-аас ээлжит анхааруулгаа БШУЯ-нд хүргүүлэх хэрэгтэй байгааг сануулъя. Учир нь БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн  картын дансаар олгох түр журам”-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ямар нэг саадгүйгээр эзэндээ очдог болох ажлын хүрээнд “Тэтгэлгийн карт”-ын загварыг батлаад, нөгөөх картууд нь хэдийнэ банкуудад хүргэгдчихээд байгаа юм.

Тэгвэл таны харж буй энэ зураг Тэтгэлгийн картынх. Дээр нь  Тэтгэлэгтэй, Хариуцлагатай Оюутан - Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэж бичсэн байгааг харж байгаа биз ээ. Тэгэхээр үүнийг сурталчилгаа гэж ойлгох уу, эсвэл салбарын сайд Л.Гантөмөрийн сэдсэн зүгээр л нэг санаа гэж ойлгох уу гэдэг асуулт гарч ирээд байна.

 Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж үзэх бөгөөд Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгааг бүртгүүлсэн өдрөөс эхлүүлэн явуулах ёстой.

Тэгэхээр дахиад нэр дэвших нь бараг тодорхой болсон Ерөнхийлөгчийнхөө нэр усыг Оюутны тэтгэлгийн карт дээр гаргаж, Ерөнхийлөгчид “өмчлүүлж” байгаа нь,  Монгол Улсын 150 мянга гаруй оюутан буюу сонгогчдод нөлөөлөх гэсэн санааг агуулж буйг үгүйсгэх аргагүй юм.

Салбарын сайдын шийдвэрийн дагуу тэтгэлгийн мөнгийг Сургалтын төрийн сангаас сургуулиуд руу, сургууль нь оюутандаа олгодог байсныг өөрчилж оюутны тэтгэлгийг сургалтын төрийн сангаас арилжааны банкууд руу шилжүүлэхээр болсон нь оюутнуудын хувьд амар болж байгаа нь ойлгомжтой. Эрхэм Ерөнхийлөгчийн нэртэй картыг эргүүлж, тойруулж нандигнаж хадгалж байгаад л 70-аа аваад байна гэсэн үг.

Л.Гантөмөр сайдын батласан журмын дагуу оюутны сонгосон арилжааны банк нь тэтгэлгийн данс нээж, карт олгохдоо ямар нэг хураамж авалгүй, үнэ төлбөргүй үйлчлэх тухай заасан байгаа. Тэгэхээр оюутнууд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, дуртай банкин дээрээ очоод  л тэтгэлгийн дансаа үнэгүй нээлгэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэртэй тэтгэлгийн картаа  үнэгүй авах юм. Тэгээд л манай Ерөнхийлөгч тэтгэлгийн картыг сэдсэн юм байна. Мөнгөө авахад хүндрэлгүй, амар юм гэлцэх нь дамжиггүй.

Тэгэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнай даргад дахиад сануулахад, БШУ-ны сайд Л.Гантөмөрийн шийдвэрийн  зөв, буруу эсэхийг  ялгаж, салгаад өгөөч..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top