Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс үзүүлэх сургуулилт зохион байгууллаа.

 1990 оны Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Алсамблейн чуулганы шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр” болгон зарласан бөгөөд 1972 оны энэ өдөр ОУИХБ-ын дүрмийг батлажээ.

  2011 онд Швейцари Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын  иргэний хамгаалалтын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 44 дүгээр чуулганы шийдвэрийн дагуу “Иргэний хамгаалалт ба Иргэний нийгэмийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх нь” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. 

  Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг олонтаа тохиолдож, хүмүүнлэгийн хямрал, иргэний дайн зэрэг хор хөнөөлтэй олон үр дагаварыг бий болгосон бөгөөд эдгээрээс шалтгаалж олон мянган хүн амь насааа алдаж, орон гэргүй болж, эдийн засагт хүнд гарз хохирол учирч байна.

 Ихэнх улс орнууд уг өдрийг тохиолдуулан хурал зөвлөгөөн, радио телевизийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг, гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль зэрэг олон үндэсний хэмжээний арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн чадавхи болон Иргэний хамгаалалтын бүтэцийг тал бүрээс нь үнэлж дүгнэх боломжийг олгодог юм. 

 Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтсээс  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын зөвлөлийн гишүүд,  “Басархан” цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн хүүхэд багачуудыг анги байгууллагатай танилцуулж, 39, 51, 67-р цэцэрлэгийн багш, сурагчдад Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг зохион байгуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top