Дүнжингарaвын анхны түрүүг Өвөрхангайн хүлэг авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

Хэдхэн хоромын өмнө Цагаан хөтөлд Засгийн газрын шийдвэрээр зохиогдож байгаа "Дүнжингарав-2013" хаврын бүсийн уралдааны эрлийз нас барианд орлоо. Тус насанд 76 алтан туурт тоосоо өргөж, сүүлийн жилүүдэд нэрд гарсан шинэ цагийн хурдууд уралдлаа.

1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмпийн Бүргэдэйн хээр. Монгол улсын тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатаагийн хүү Цэрэндамба уяа сойлгыг тааруулсан.

2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Ойлын Тагарваа хутагтын хээр. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нийслэлийн алдарт уяач Төмөрхуягийн Ганболд уясан энэ үрээ хэд хоногийн өмнө Өгөөмөрийн сунгаанд Наранхүүгийн монгол хээрийг дийлж байсан юм.

3. Төв аймгийн Лүн сумын харьяат "Итгэлт орших" групийн ерөнхийлөгч МУМУяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр. Өнгөрсөн жил Өмнөговийн хаврын бүсийн уралдаанд тавд давхисан энэ хүлэг  Цагаан хөтөлийн сунгаанд мөн л өнгөтэй байв.

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхтүвшингийн хээр. Хоёрдугаар сарын 24-нд Эрдэнэтэд түрүүлсэн.

5. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай констракшн"  ХХК-ийн захирал, МУТМУяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраагийн унаган. 2010 онд даагандаа төрийн их баяр наадамд айргийн таваар хурдалж, давхар уяагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэр цагаас эхлэн шилдэг хүлгүүдийн нэгэн болохоо харуулсаар ирсэн энэ хүлэг 2011 онд АХ-ын 90 жилийн ойн эрлийз дунд насны уралдаанд зургаад хурдалж, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. 2012 онд "Дүнжингарав-2012", төрийн их наадам, Төвийн бүсийн даншиг гээд гурван том уралдаанд аман хүзүүдсэн. Манлай уяач Х.Бат-Эрдэний сартай хээр соёолонг Улсын алдарт уяач П.Баяраа уясан. Улс бүсийн наадмын зургаадахь айраг нь энэ юм.

6. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат АА уяач Ган-Очирын хүрэн

7. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Анандын Ариунсайханы зээрд. Даагандаа Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд айрагдаж, өнгөрсөн зун төрийн их баяр наадам болон төвийн бүсийн даншиг эрлийз дунд насанд түрүүлсэн.

8. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэнгийн хул. 2010 онд Эрдэнэтийн төвийн бүсэд айрагдаж, 2011 онд Нийслэлийн хурдад түрүүлсэн. 2012 онд төрийн наадмын эрлийз дунд насанд 9, төвийн бүсийн даншигт тавд хурдалжээ.

9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат МУТМУ Дагвадоржийн Цэрэнжигмэдийн сөнгө зээрд.  Зээрд азарга нь 2008 оны Алтандарь овооны төрийн их тахилга уралдаанд шүдлэн насандаа айрагдаж, 2009 онд хязаалан үрээ улсын наадамд айрагдаж, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад түрүүлж, 2010 онд Дүнжингаравт аман хүзүүдэж, шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаанд соёолон азарга зургаад хурдалж, 2012 онд Дүнжингарав, Өмнөговийн бүсэд айрагдаж, төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Улс бүсийн наадмын долоон айрагтай.

10. Төв аймгийн Жаргалан сумын уугуул Баасандолгорын Батаагийн бор. Өнгөрсөн жил Дүнжингаравын хурд, Өмнөговийн бүсийн хоёр том уралдаанд соёолондоо түрүүлсэн.

Эх сурвалж: www.hiimori.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top