Төрүүлсэн ээж, сургасан багш, эх орон гурваасаа урвахгүй
(Өөрийн шүлгээс)
Өвөг Хүннүгийн төрөөс үе үеийг өртөөлсөн
Үсэрсэн цус, исгэрсэн сумыг тоолж хэн барах вэ
Өнөө биднийг ивээж буй тусгаар тогтнолын төлөө
Үрэгдсэн амь, асгарсан нулимсыг үнэлж хэн чадах вэ
Онгон байгаль, газар шороо
Охин үрийн нүдний цэцгий
Төрт ёс, тусгаар тогтнол
Төрүүлсэн эхийн зүрхний тольт
Харийн нутагт дайтаж яваад тэнгэр болсон
Хааны үрсийг хатавчинд суулгахгүй хэмээн
Хүний газар, эзгүй хээр ясаа тавьсан
Миний дээдсийн сүнсийг амраасан тусгаар тогтнол
Шавар хэрмэнд цав суулгасан тусгаар тогтнол
Шастир түүхэнд гал ноцоосон тусгаар тогтнол
Хилийн уулсад овоо босгосон тусгаар тогтнол
Хэний ч өмнө бардам болгосон тусгаар тогтнол
Эрэлхэг хөвгүүдийн цусаар төлж авсан тусгаар тогтнол
Энхрий охидын нулимсаар нэрж авсан тусгаар тогтнол
Эх үрсийн хагацлаар сольж авсан тусгаар тогнол
Элэг нэгт ах дүүсээ зольж авсан тусгаар тогтнол
Ясаа яйруулж төрүүлсэн ганц үр-тусгаар тогтнол
Үсээ цайтал тэмцэж олсон эрх чөлөө-тусгаар тогтнол
Эргэх хорвоод хүн явах нэр төр тусгаар-тогтнол
Эрлэгийн царайг эгцэлж харах эр зориг-тусгаар тогтнол
Үеийн үедээ тахиж шүтсэн бурхдаас илүү
Үрийн үрдээ захих гэрээс-тусгаар тогтнол
Үхсэний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх
Өнө мөнхийн хөх тэнгэр-тусгаар тогтнол
Алтан соёмбо, хөх халзтай улаан далбаа
Арга ядарсан ч тусгаар тогтнолтой би баян хүн
Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч
Эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн
До.Болдхуяг
Хархорум 2012 он

Сэтгэгдэл ( 0 )