Сүүлийн үед гарч буй гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх шинжтэй болж. Тэгэхдээ бүр сэтгэл хирдхийлгэм харгис балмад үйлдэл олонтаа сонсогдох болсон нь аймшигтай. Онц ноцтой, хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нь ихэвчлэн 17-35 насны залуус байх. Нэг нэгнээ гэмтэж бэрттэл нь зодох, санаанд багтамгүй байдлаар тарчлаан зовоож, хэрцгий аргаар амь насыг нь хохироож буй гэмт үйлдэл хэрээс хэтэрч, сэтгэл тайван суухын аргагүй нөхцөлд амьдарч буйгаа мэдрэх шиг айхтар зовлон үгүй мэт болжээ. Хутга шөвөг, буу шийдэм, мод чулуу барьсан танхай залуусын балмад авир, башир арга ийнхүү хэн хүнийг айдаст автуулж буй нь нууц биш. Дунд сургуулийн хөвгүүд нэгнээ бүлэглэн зодож, эд эрхтнийг нь хүнд гэмтээх явдал ч цөөнгүй гардаг. Их сургуулийн оюутан залуус хүртэл баяр ёслол, шоу цэнгээний үеэр зодоон цохион үүсгэж, шүүх цагдаа дээр очих хүртлээ асуудлыг дэвэргэсэн байх нь энүүхэнд байдаг шүү дээ. Гэтэл нас биед хүрч, амьдрал ахуйгаа цогцлоосон идэр залуус нь хүртэл овилгогүй загнаж хүүхэд, хөгшдөд бяр чадлаа гайхуулж байгаа ичмээр, басхүү эмзэглэмээр мэдээлэл ч чих үе үехэн халууцуулдаг. Дээрхи хэргүүд ихэвчлэн архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн байх юмуу аль эсвэл мөнгө төгрөгтэй холбоотой хэрүүл маргаанаас үүдэлтэй байдаг юм билээ. “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр ухаанаа алдтал архи ууж, ар гэрийнхэндээ агсам тавьж зовоодог арчаагүй залуусын танхайрал ч үүнд бас багтана.
Сүүлийн үед архидалтаас үүдэлтэйгээр гарч байгаа гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж ах нь дүүгээ, аав нь хүүгийнхээ эрүүл мэнд, амь насанд халдах байдал цөөнгүй гарах болсныг анхааралдаа авч, хэрэглээндээ хязгаарлалт тавих хэрэгтэй байгааг Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд анхааруулах болсоор удаж байгаа. Ер нь цагдаагийн байгууллагад ирж буй гэмт хэргийн тухай мэдээллээс харж байхад архидан согтуурч улмаар бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан танхай этгээдүүдийн хурууны үзүүрт байх зэвсэг нь ихэвчлэн хутга байх болж. “Тэнд тэр тэгж архидаад тэрийгээ тэдэн удаа хутгалж гэнэ. Эхнэр нь нөхрөө хардаад хутгалсан гэх юм уу аль эсвэл нөхөр нь эхнэртээ агсам тавиад өөрийгөө хутгаар сийчсэн” гэх мэт итгэхэд ч бэрх таагүй мэдээ ар араасаа хөвөрсөөр. Тухайлбал, эр нөхрөө архи хэтрүүлэн хэрэглэж ирээд гэртээ агсам тавилаа хэмээн уурлаж эхнэр нь хутгалсан, эхнэрээ хардаж маргалдсаны улмаас өөрийнхөө гуянд хутгалж гэмтсэн, “Архи уулаа” гэсэн шалтгаанаар эхнэрээ хутгалж гэмтээсэн, ахтайгаа маргалдаад далан тус газар нь хутгаар зүсч гэмтэл учруулсан зэрэг хэцүүхэн хэргүүд нэмэгдэх хандлагатай болж, ард иргэдийг айдас хүйдэстэй явахад хүргэж байгаа нь нууц биш.
Манайхан уг нь “Муу эр мод чулуу” гэлцдэг дээ. Үг хэлээрээ ойлголцоход хүрч чадахгүй болохоороо хутга шөвөг, мод чулуу шүүрч авдаг зан хэний, хаанахын ёс вэ. Архинд толгойгоо мэдүүлчихээд амьдралаа ч бараг мартах шахсан хүйтэн зүрхтнүүд өнөө цагт хутга мэсээр зэвсэглэж, хүний амь насаар наадах нь тийм энгийн зүйл гэж үү. Аав нь хүүгээ, ах нь дүүгээ, эхнэр нь нөхрөө хутгалж гэмтээсэн, бүр амь насыг нь хохироосон жигшүүрт хэргийн цаана юу чухам нуугдаж байна вэ. Мэдээж хэрэг, амьдралын саад бэрхшээл, аливаа таагүй мэдээллийг ямагт нийгэмтэйгээ холбож ярих байх л даа, манайхан. Хүн бүхэн л өнөө маргаашийнхаа амьдралыг аргацааж, хүнд хэцүү бүхнийг даван туулж байгаа мэтээр сэтгэхдээ гэмт хэргийн гаралт, арга хэлбэрийг ч байж болох зүйл маягаар хүлээж авах нь буруу. Хэдийгээр өнөөгийн нийгмийн амьдрал хэцүү байгаа ч хүн гэдэг мөн чанараа алдах дээрээ арай ч тулаагүй байлтай. Сав л хийвэл архидаж, ааг омгоо дарж ядахдаа хутга заазуур шүүрч байгаа омголон, овилгогүй нөхдүүдийн толгойг илж, өөгшүүлэхээ болимоор юм. Зарим нь ч бүр өөрсдийн үйлдсэн балмад явдлаа телевизийн дэлгэцээр гарч буй адал явдалт кино, РС тоглоомтой холбож тайлбарладаг. Гэхдээ буруу бүхнийг өөрөөсөө түлхээд байвал булай явдлын үүр уурхай болох цаг ойрхон байгаа гэдгийг ядаж л санамаар юм даа. Эх захаа алдсан дээрэм тонуул, аллага таллага бидний өнөөгийн амьдралын үнэн дүр төрх, ирээдүйн эхлэл гэж хэлж болохгүй байлтай. Нөгөөтэйгүүр, хүн бус араатан шинжтэй хөгийн амьтад хэрцгий үйлдлээрээ олныг цочроож байгааг юу гэх вэ.
Хэдхэн жилийн өмнө өсвөр насны залуус гэрээ сахиж буй балчир охидыг хутга мэсээр далайлган айлган сүрдүүлж, мөнгө дээрэмдсэн жигшүүрт хэрэг гарсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Улмаар тавхан настай бяцхан охины хоолойг хэрчиж хөнөөгөөд эгчийг нь зэрэмдэглэсэн эдгээр залуус өнөөдөр ямар ч ял шийтгэл хүлээсэн юмгүй, та бидний дунд хээвнэг алхаж яваа гэж бодохоор өөрийн эрхгүй нуруу руу хүйт даана. Үүний зэрэгцээ, Хөвсгөл аймагт болсон аймшигт хэргийг ч мартах хэцүү. Бага ангийн сурагч охиныг аймшигтай хэрцгий аргаар хөнөөсөн гэмт этгээд нь хэн ч хараад ийм хэрэг хийсэн гэхэд итгэмээргүй боловсрол мэдлэгтэй, цэвэрхэн залуу байсан. Хэрэгтний хувьд өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмших нь бүү хэл, нотлох баримтаар хэдийнэ тогтоогдсон асуудлыг ч эрс эсэргүүцэж байсан удаатай. Тэгвэл цэргийн алба хааж байхдаа ангийн дарга нараа буудаж хороосон цэргүүд ч энэ үйлдлээ “РС тоглоомонд хэт донтсоноос болсон” гэж жишим ч үгүй тайлбарлаж зогссоныг тухайн үед олон хүн харсан байх. Аль нэг кино, тоглоомонд гарч буй аллага таллага, айхтар тэмцлийг алдалгүй дуурайх “сармагчин сэтгэлгээ”-нээсээ хэзээ нэг салах юм бол доо, бид. Телевиз радио, хэвлэл мэдээллээр гарч буй ихэнх мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, дандаа л болж бүтэхгүй зүйлийн тухай юм чинь, аргагүй биз. Ямар сайндаа л бясалгал хийж сайн сайхан энергитэй явахыг хичээсэн хүмүүс олширч, энэ талын үйл ажиллагаа явуулдаг төв олноор нээгдэж байхав дээ. Уг нь бид чинь хүн шүү дээ. Тэр тусмаа, бүр Монгол хүн. Айлд орохдоо хүртэл эв эеийг бэлгэдэж буйгаа харуулан хэт хутгаа бүснээсээ буулгаж ордог Монгол ёс, Монгол сэтгэлгээ, Монгол чанар одоо цагт хаачаа вэ.
Р.ЕСҮЙ
Сэтгэгдэл ( 1 )
элбэгдорж өршөөх юмаа мөн олов доо хүнийг хайрлахгүй аймшигт хэрэг хийж байгаа сүгнүүдийг яасан гэж өмөөрөөд байгаан зохих ялыг нь өгөх хэрэгтэй ш дээ