ТӨХ ч “хүчиндэж”, Х.Тэмүүжин сайдын ч хүсэл биелээд...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэн Батлан хамгаалах яамны харъяанд шилжүүлэх ажлын хэсгийн дэд комисс энэ долоо хоногт хуралджээ.  Тэгээд  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эд хөрөнгийг жилийн эцсийн тооллогын дүнтэй газар дээр нь тулган тоолоод, ашиглах, актлах эд хөрөнгийг ангилан ялгаж “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийн эд хариуцагч нарт хүлээлгэн өгөх ажлыг ТӨХ зохион байгуулсан гэж байна.

Салбарын сайд Х.Тэмүүжингийн хүсэл ийнхүү бүрэн биелэж байна. Гэхдээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан барилгыг хууль зүйн яамны албан контор болгохоор шийдвэрлэсэн Засгийн шийдвэрт дургүйлхсэн талууд байсаар байгаа. Өмнөх засгийн үед шийдвэрлэгдсэний дагуу  үйл ажиллагаа, ажил үйлчилгээний хувьд эрүүл мэндийн олон улсын стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, чадварлаг боловсон хүчнээр хангагдсан төрөлжсөн нарийн мэргэжлийн “Төв эмнэлэг” байхаар төлөвлөгдөн үйл ажиллагаа явуулж байтал нь булаагаад авчихлаа гэж үзээд байгаа юм.

Жилд 7000-8000 хүнийг хэвтүүлэн эмчилж, 1000-1400 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн 10, оношлогоо болон шинжилгээний 16-18 туслах кабинеттай байж  хоногтоо 300 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар бэлтгэгдэж ирсэн эмнэлгийг Засгийн газар болоод Хууль зүйн яам  өөрсдийнхөө төлөө ашиглахаар шийдвэрлэлээ хэмээн дуугарч байсан хүмүүс өнөөдөр таг дуугүй байгаа.

Ямартай ч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад 10 гаруй тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 30 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байсан. Харин Цэргийн клиникийн төв госпиталийн өргөтгөлийн гурван барилгад 17 тэрбум, тоног төхөөрөмж болон тавилга хэрэгсэлд 55 тэрбум, нийт 72 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган шийдвэрлэхээр болсон. Тиймээс  нэг чиглэлийн хоёр эмнэлэгт тус тусад нь хөрөнгө үрэх шаардлагагүй, харин үр ашгийг нь дээшлүүлэх нь зүйтэй гэж засаг үзсэн гэж буй.

Энэ нь Хууль зүйн яамны харъяа агентлагууд, хууль, хүчний болон төр засгийн үйлчилгээний байгууллагуудын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг болох ТТАХНЭ-ийн шинэ барилгын цогцолбор нь үр ашиггүй зүйл байсан гэх ойлголтыг өгч байгаа юм.

Х.Тэмүүжин эрхэм хэлэхдээ өмнө нь захиалсан тоног төхөөрөмж нь тусгай зориулалтын гэхээсээ сувиллын чанартай эмнэлгийнх байсан тул засч залруулан ажиллаж байгаа гэх. Гэтэл засгийн шийдвэрийг эсэргүүцээд байсан эмч нар хэлэхдээ хаашаа ч нүүлгэж болохгүй тоног төхөөрөмжүүд шинэ барилгад нь байгаа л гээд байсан. Гэтэл юу болов. Талууд ойлголцонгуут ТӨХ “хүчиндээд” нүүлгэчихэж л байна шүү дээ.

Б.Билэгт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top