Баярын тоглолтуудын тасалбар 10-160 мянган төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Цэцгийн баглаатай өргөсөн сэтгэлийн үгээр ээжийгээ баярлуулах “Мартын 8” хаяанд тулж ирлээ. Эмээ, ээж, эхнэр, эгч, охин дүү, найз бүсгүйгээ баярлуулахаар дэлгүүр хэсч, тоглолтын хуваарь харж яваа залууст зориулан энэхүү мэдээллийг хүргэе. Эх үрийн нандин холбоог бэхэлж, эмэгтэй хүний гоо сайхан, сэтгэлийн ариун чанарыг магтан дуулсан баярын өдрөөр болох тоглолтуудаас дуртайгаа сонгож, худалдаж авах тасалбарынхаа үнийг судлаарай.

UB palace-ын концертын их танхим

III/07-III/08-нд МУГЖ, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө албан ёсны нээлт болгож Монгол туургатны хүндэтгэлийн нэгдсэн тоглолт хийх юм. Суудлаас хамаарч тасалбарын үнэ 20, 30, 50 мянган төгрөгийн үнэтэй. Одоогоор 30, 50 мянган төгрөгөөр үнэлсэн тасалбарууд нь дууссан бөгөөд үзэгчдэд ганцхан сонголт үлджээ.

Монгол бөхийн өргөө

III/08-нд нийтийн дуучдын "Үртэй хүн жаргалтай" нэгдсэн тоглолт болох юм. 10-15 мянган төгрөгөөр худалдаалж буй тасалбарын үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэжээ.

Соёлын төв өргөө

III/07-нд дуучин эгч дүүс болох Ж.Хишигдэлгэр, Ж.Хишигсүрэн нарын хамтарсан "Ижий эх орон" тоглолт болох бөгөөд  тасалбарын үнэ 15- 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй.

III/08-нд Ардын жүжигчин А.Долгорын “Сайхан аа” тоглолт болох бөгөөд тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй.

Улсын филармони

III/07-III/08-нд “VOICE” группийн дуучид "VOICE СОНГОДОГ ҮДЭШ"-тээ урьсан бөгөөд тасалбарын үнэ 30 мянган төгрөгөөр борлогдож байна.

Тусгаар тогтнолын ордон

III/08-нд  МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяа, Д.Амаржаргал нарын хамтарсан "Мөнхөд дурсагдах ижий" тоглолт болно. Тасалбарын үнэ 30, 50, 100 мянган төгрөгөөр үнэлэгджээ.

УДЭТ

III/08-нд В.Хюгогийн  "Парисын дарь эхийн сүм" жүжиг тайзнаа тавигдана. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 15-45 мянган төгрөгийн үнэтэй байна.

Монголын хүүхдийн ордон

III/08-нд “Шинэ үе” продакшны шилдэгийн шилдэг “Gold” тоглолт гурван удаа тоглогдох бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөг юм байна.

 

“Улаанбаатар” ресторан

III/08-нд МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг "Сүүтэй энгэрийн аялгуу" нэртэй VIP цэнгүүнээ хийхээр зэхэж буй бөгөөд тасалбарын үнэ 88 мянган төгрөг ажээ.

“Баянгол” ресторан

III/07-III/08-нд нэвтрүүлэгч Д.Цовоо, “Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин  Ц.Энхманлай нарын “Хайрын дуу” нэртэй хамтарсан тоглолт болно. 1960, 70-аад оны хит дуунууд эгшиглэх энэхүү тоглолтын тасалбар 80 мянган төгрөг бөгөөд амтат хоол, дарсаар дайлах гэнэ.  

Thai” ресторан

III/08-нд “A Sound” хамтлагийн залуус “Woman`s day” тоглолтоо хийх нь. 50 мянган төгрөгөөр үнэлсэн тасалбарт нь дарс, амтлаг ундаа, цэвэр ус, хөнгөн зууш багтжээ.

“Irish Pub” 

III/08-нд “Хурд” хамтлагийн “Ханьдаа дуулъя” амплаггед баярын цэнгүүн болох бөгөөд тасалбараа  160 мянган төгрөгөөр үнэлжээ. Тоглолтод ирсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэж сурсан “Хурд”-ын залуус энэ удаа “Christian Dior” брэндийн сүрчиг бэлэглэх гэнэ.

“River sounds” клуб 

III/08-нд “Солонго” жааз хөгжмийн хамтлаг тоглолт хийхээр зарлажээ. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдээс бүрдсэн тус хамтлагийн тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөр үнэлэгдсэн гэнэ.

Р.Есүй 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top