Эмэгтэй цагдаа нарын орон тоог нэмэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 08

Хууль зүйн яамнаас “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн хэвшмэл хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сайд Х.Тэмүүжин хэлэлцүүлгийг нээж үг хэлсний дараа Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хууль зүйн салбарын баримтлаж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьсан юм. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Х.Энхжаргал тавсан илтгэлдээ цагдаагийн байгууллагын мэдээгээр жилд 340 гаруй хүчингийн гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ бол дайны үеийн гамшиг шиг үйлдэл. Манай нийгэм хохирогчийг буруутгадаг хэрнээ охидоо хамгаалж чаддаггүй. Сүүлийн арав гаруй жилийн судалгаанаас харахад хохирогчийн тоо буураагүй, нэмэгдсэн байдаг. Харин Хууль зүйн яам эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх бодлогын асуудлыг цогцоор нь шийдэхээр анхааралдаа авсан нь маш том дэвшил гэдгийг хэлж байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шинээр боловсруулж байгаа Эрүүгийн хуулинд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд хуулийн ямар шийтгэл оногдуулахаар тусгаж байгаа вэ, хохирогчдын нөхөн олговрыг яаж шийдэх вэ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад нийгмийн хандлагыг яаж өөрчлөх вэ, эмэгтэй цагдаа нарын орон тоог нэмэх үү гэдэг асуудлыг тавьсан. Эдгээр асуултанд Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд хариулахдаа, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өгсөн чиглэлийн дагуу УМБГ-т эмэгтэй мөрдөн байцаагчдын баг бүрдүүлэн ажиллаж байгаа. Шинээр боловсруулж байгаа Эрүүгийн хууль Гэмт хэргийн тухай хууль болж нэр нь өөрчлөгдөж байна. Энэ хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг бэлгийн халдашгүй байдлаар тусдаа бүлэг болон орж байгаа. Ялын бодлогын хувьд үйлдсэн гэмт хэрэг бүрт нь ял онооно. Хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын аравдаар эцэслэн боловсруулж дуусаад олон нийтээр хэлэлцүүлнэ гэв. Харин хохирогчийн нөхөн олговрын тухайд хүч хэрэглэсэн нь тогтоогдсон бол хэрэг шийдэхийг хүлээлгүй хохирлоо барагдуулаад явна гэлээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүд өөрсдөө эрхээ сайн мэддэггүй учраас хохирогч болдог. Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд багаас нь хүчирхийлэл гэж юу вэ, эрхээ хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэдэг саналыг иргэд гаргаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top