Хамгийн залуу Төрийн соёрхолт хэмээгдэж, тэр хэрээр даацтай уран бүтээл гаргах “өрөнд” унасан дуучин Д.Болд хэсэгтээ л чимээгүй явсан. Түүнийг цол тэмдгээ буцааж өгөх гэж байгаа тухай шуугихад сэтгэл нь эмзэглэсэн үү, яасан. “Төрийн соёрхолт болоход маш их нэр хүнд, хайр хүндлэлээс гадна үүрэг хариуцлага дагаж ирсэн гэдгийг би ойлгож байгаа. Тийм болохоор цол тэмдгээ буцааж өгөхгүй” хэмээн мэдэгдсэн нь зарим нэгний дургүйцлийг хүргэсэн ч байж мэднэ. Харин тэрбээр энэ бүхний хариу болгож “Монгол поп-2” цомгийнхоо талаар хэвлэлийнхэнд тайлагнасан билээ.

Шинэ оны эхээр худалдаанд гаргасан тус цомгоос гадна ханын хуанли нь олны анхаарлыг эрхгүй татаж байгаа төдийгүй дэлхийн шилдэг хөгжмийн жагсаалт бүхий Itunes-т түүний хоёр бүтээл багтжээ. Тэр ч байтугай www.amazon.com сайтаар дамжуулан шинэ цомгоо дэлхий даяар борлуулах гэж буйдаа отгон Төрийн соёрхолт маань ихэд сэтгэл хангалуун явна лээ. “Монгол поп гэдэг чинь зөвхөн дуу биш юм. Энэ бол Монгол бахархлын нэгдэл, Монгол түмнийг бусад үндэстнээс ялгаж байгаа соёл, зан заншил, эд өглөгийн цогц. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй. Үүнтэй адил Монгол попоор дамжуулан авьяас билэг төгөлдөр өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах болно” хэмээсэн Д.Болд шинэ стилиэ хүртэл сурталчлаад авсан шүү. Энэ бүхний илэрхийлэл нь үндэсний дээл өмсч, морин хуур барьсан зургаас нь тэс өөр бөгөөд дуучин залуу хар фудболка, нарийн ороолтыг хослуулан гоёж, ар нуруугаа харуулсан өвөрмөц төрх сонгосон гэнэ лээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )