Монголын эрдэмтэд ”Шинжлэх ухаан” гэдгээ мэддэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Саяхан миний хүндэтгэж явдаг нэр бүхий академич, доктор, профессор 131 эрхэм шинжлэх ухааныг “аврах” УРИАЛГА гаргажээ. Уриалга ч яахав байдаг л зүйл. Харин бичсэн зүйл нь хүн гайхмаар. Ийм нэр хүндтэй, ийм эрдэм номтой хүмүүс нь шинжлэх ухаанаа ингэж ойлгож, ингэж улс төр, үзэл суртал хийхээр чинь энэ улс ард түмэн нь яадаг байна аа гэж бодов. Дунд нь Баабар хүртэл орчихож. “Үзэл суртлыг” нь тэр нөхөр л “зааж” өгсөн юм болов уу гэж хардав. Ингээд хамтдаа шинжлээд үзье. Ичмээр л юм, гэхдээ яая гэхэв…

“Монголын ШУА -н эх үүсвэр нь Хубилай хааны үеийн Бичгийн мэргэдийн хүрээлэн, 1921 оны “ Оюуныг судлан нэвтрүүлэх номын хүрээлэн ” бөлгөө. Гэтэл Богд гэгээнтний “ мэдэв “ гэж мутарласан дээрхи онц чухал нэр, агуулгыг дараахан нь “ Судар бичгийн хүрээлэн “ болгон өөрчилж, коммунист намын талхируу хумин чихэж, үзэл суртлын зэвсэг болгож, улмаар 1961 онд зөвлөлт загварын ШУА -г байгуулсан түүхтэй. ШУА нь цаг үеийн нөхцөлдөө тохирч, харъяа хүрээлэнтэй, намын эрхшээлд оршдог, төр – захиргаа – намын нэгж болсон байна”.

Энэ чинь одоо юу болж байгаа юм. Шинжлэх ухааны хөгжлийг хоёр янзаар авч үздэг. Нэг нь эрт дээр үеийн шинжлэх ухааны шинжтэй танин мэдэх үйл ажиллагаа. Энийг ярих юм бол хүй нэгдэл, Хүннүгийн үед ч “шинжлэх ухааны академи байсан”. Би үүнийг нотолж чадна. Яахав, түүхийн ном зохиолуудад улс гүрний хөгжлийг харуулахын тулд үүнийг жишээ болгодог юм. Хоёр дахь нь шинжлэх ухааныг үндсэн ажил мэргэжлээ болгосон, олон хүнийг зохион байгуулалттай ажиллуулдаг, зөвхөн шинжлэх ухааныг зорилго, үйл ажиллагаа болгосон нийгмийн бие даасан институт бий болохыг хэлдэг. Ийм институт байгуулагдсан нь Монголын оюун санааны амьдралд жинхэнэ дэвшил болсон юм. Үүнээс өмнө Монголд шинжлэх ухаан байгаагүй. Оросын шинжлэх ухааныг бэлнээр нь авсан нь ёстой зол заяаны хэрэг байв. Энэ бүхнийг Та бүхний хийж бүтээсэн эрдмийн их ажил, үүнийг үнэлсэн эрдмийн цол зэрэг хэргэмүүд чинь гэрчилнэ.

Одоо Та нар Монголд Хувилай хаан, Богд хааны үеэс “шинжлэх ухаан” хөгжөөд сайхан явж байтал Зөвлөлт загварын шинжлэх ухааны Академи байгуулаад муудчихсан гэж яаж хэлж зүрхэлж байна аа. Монголын шинжлэх ухааны бараг бүх салбарыг Та нар өөрийнхөө гараар хөгжүүлчихээд одоо түүнийгээ нулимж болдог юм уу.

Би л Та нарын оронд байсан бол ололт амжилтыг нь дурдаад цаг үеийн шаардлагын дагуу хоцрогдсоныг нь дурдаад засаж сайжруулах, уламжилж авах, шинээр хийх санал тавих байсан.

Хэрэв зөвлөлт маягийн шинжлэх ухааныг оргүй устгах санал Та нар үнэхээр ингэж тавьж байгаа юм бол би хамгийн түрүүнд Та нарыг зайлуулах ёстой гэж хэлмээр байна. Ийм утгагүй байж болохгүй ш дээ. Та нар шинжлэх ухааныхаа салбарыг л мэддэг болохоос шинжлэх ухааны үүрэг зорилт, зохион байгуулалт, удирдлагыг бүхэлд нь мэддэггүй юм байна.

“Монголд шинжлэх ухаан, боловсрол хоёр ерөнхийдөө тусдаа байгаа нь хөгжлийн зүй тогтол биш юм. Эдүгээ ШУА нь дээд сургуультай, Их сургуулиуд нь хүрээлэнтэй байх гэж арцалдаж байгаа нь энэ хоёр салбар цаагуураа нэг агуулгатай болохыг харуулна.”

Энэ үндэслэлийг Монголд ардчилал эхэлсэн аль 1990-ээд оны эхэнд манай дэвшилтэт сэхээтнүүд дэвшүүлэн тавьж байсан билээ. Энэ талаар гарсан бүхий л санал санаачлагыг Шинжлэх Ухаан болон боловсролыг “аврах” нэрийн дор хэн хэн жадлан эсэргүүцэж одоогийн “зөвлөлт маягийн” системийг хэн хэн хамгаалж үлдсэн юм. Та нараас өөр хэн байх билээ. 1990 оноос хойш Монголын шинжлэх ухаан сөнөсөн нь маргашгүй үнэн. Энэнд зөвлөлтийн ямар ч оролцоо байгаагүй. Гараад явчихсан оросууд ямар буруутай юм. Харин ч оросуудын толгойгоор Та нарын толгой ажиллаж байсан нь нотлогдож байгаа юм. Та нарын толгой суурь шинжлэх ухаангүй бие даан ажиллахгүй л байхгүй юу. Өөр юу байсийм. Ухаандаа монголын физикчид Дубнад очиж физикч болдог байсныг би ингэж хэлж байна. Одоо лабораторигүй физикчийг ямар физикч гэдэг юм. Шинжлэх ухааны суурь гэж үүнийг хэлдэг юм.

Одоо Та нар өөрсдийн хийсэн бүхий л нүгэл, гэм буруугаа “зөвлөлт маягийн” шинжлэх ухаанд тохож хэрэггүй л дээ.

“(Шинжлэх ухааныг) төрийн нэг өмчид түшиглэдэг зөвлөлт загварын намжсан ШУА зангидаж чадахгүй, болох ч үгүй…ШУА хэмээх төрийн бүрэн санхүүжилттэй, марксист намын нөөлөгтэй том байгууллага монополь байдалтай, ШУТ-ийн суурь судалгааны төсөл, төсвийг бүрэн эзэгнэж байна. Олон сайхан эрдэмт судлаач төсөл олж авах, ахуй амьдралаа залгуулахын эрхэнд дуугаа хураан дүнсийж, дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах болов.”

Ямар зовлонтой юм бэ. Одоо Монголд зөвлөлт загварын ШУА байхгүй. Байсан бол жаахан ч гэсэн хөгжиж байхгүй юу. Монголд Та нарын өөрийнхөө гараар байгуулсан цэвэр Монгол загварын ШУА байгаа. Тэр чинь л сүйрч байна ш дээ.

“Олон сайхан эрдэмтэн” гэж хэн бэ ? Та нар уу. Өнгөрсөн цаг дээр бол болж байна. Би бол олон сайхан залуучууд гэж хэлмээр байна. Олон сайхан залуучуучуудыг хэн “нухчин дардаг” билээ, хэн “хуучны нэр хүндээрээ” дарлаж дээрэлхэдэг билээ, хэн зарцалж, хэн алдар нэрийг нь булаан авдаг билээ. Та нараас өөр хэн байх билээ.

Ингэчихээд “дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах” болж байгаа бол надад хэлэх үг алга.

Монголын шинжлэх ухааныг сөнөөсөн, эсвэл сөнөөж байхад таг дуугай харж байсан хүмүүс ингэхээс өөр яах билээ.
“Эрдмийн орчин бохирдох нь залуу оюун ухаанд гойд харш аж. Гадаадад байгаа оюунлаг эрчтэй залуус эх орондоо ирэх дургүй байгаа нь зөвхөн цалин хөлсний асуудал бус аа.”
Энийг бол бүрэн дүүрэн зөвшөөрч байна. Энд байгаа манай залуус Та нараас зугтаж байна, тэнд байгаа залуус Та нарыг хараад Монголд ирэхээс айж байна. Та нар үнэнээ хэлье гэвэл чаддаг л юм байна ш дээ. Жишээлбэл:

“Өмнөх тогтолцооноос уламжлан авч өнгөрсөн жилүүдэд баяжуулсан үзэл бодол, зэрэг, цол, нас, тушаал , эрх ямба, аймаг, хошууг харгалзаж асуудлыг шийддэг феодалжсан гаж тогтолцоо байгаа төдийгүй одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуусыг хэлмэгдүүлж байна.”

Та нар ёстой эрдэмтэн хүн шиг үнэн зөв дүгнэсэн болохоор би юу хэлэхэв. “Аймаг хошуу харгалзаж” шинжлэх ухааны асуудал шийддэгээ “зөвлөлт маягийн” системээс болсон гэж дүгнээгүйд чинь баярлахаас өөр яахав.

“Зарим эрдмийн зөвлөлүүд хэдэн хүний хувийн өмч мэт болж, эрдмийн зэрэг, цолыг бэлэглэх, худалдах нь олшров. Шинжлэх ухааны ариун чанар бохирдлоо. Үүнийг харж мэдэрсэн оюунлаг эрчтэй залуус эрдэм судлалын ажлаас дайжиж байна.”

Тийм ш дээ. Тэгэхдээ энэ эрдмийн зөвлөлд чинь Та нар л бүгдээрээ ордог биз дээ. Албатай юм шиг монголын хамгийн шилдэг тэнэгүүдийг цуглуулж байгаад эрдмийн зэрэг цол бэлэглэж худалддаг систем тогтоочихоод “шинжлэх ухааны ариун чанар муудлаа” гэж ярих эрх Та нарт байгаа юм уу. Та нарын дунд буй тодорхой хүн ингэдэггүй байж болно л доо. Тэгэхдээ үүний эсрэг тэмцэж, үг дуугарч илчилж байсан бил үү. Би л лав санахгүй байна.

Заримдаа ч Та нарт “эхийн одон”-гоос бусад бүх цол зэрэг байсаар байтал нэмж авах шуналаас өөр юм байхгүй л мэт санагддаг шүү…
“Манай ШУА ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг сөрөн зогсож буй сүүлчийн цайз мөн.”

Тийм ш дээ. Тэрэнд чинь би байдаггүй Та нар л байдаг ш дээ. Тэгээд ч ШУА-д тийм олон хүн байдаггүй. ШУА бол ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцдэг улс төрийн байгууллага биш л дээ. ШУА бол шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийдэг, шинжлэх ухааны ёс зүй сахиад л болдог газар. Ийм дүгнэлт хийснээрээ Та нар илт тодорхой улс төрийн зорилго агуулж байгаагаа л харуулж байна.

Би ШУА-ыг “сөнөөсөн” Чадраа, одоо “сөнөөж байгаа” Энхтүвшинг өмөөрөөд байгаа юм огт биш. Харин Та нарыг тэднээс юугаараа ч илүү гарахгүй, дээрдэхгүй гэдгийг л хэлж байна.

Үүнээс цааш энэ эрдэмтдийн уриалгыг задлан шинжлэх дур гутав. Зүгээр л Академи дотор ээлжит улс төрийн бослого гарч байгаа юм байна.

Тааварлахад Ц.Дэмбэрэл дагуулаад л бусад нь “хөөрч давхиа” биз, зарим нь гарын үсэг зурснаа ч мэдээгүй цохиж яваа даа. Монголын “эрдэмтэд” яаж ажил хийдгийг ямар мэдэхгүй биш…

Монголын шинжлэх ухаан урлагийн 81 дэд салбарыг төлөөлсөн 131 “шилдэг тэргүүний” эрдэмтэд нь шинжлэх ухааныг иймэрхүү ойлгож байхад “хариуцлага ухамсарлах” хүн Монголд нэг ширхэг ч гарахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Ер нь бол хамаг хуучин бүхэн нэвт шингэсэн энэ ШУА-ыг устгах ёстой юм байна. Шинжлэх ухааны эрхэмлэл, зарчим, ёс суртахуун, хариуцлага гэдгийг умартсан хууччуудыг зайлуулж, дандаа залуучууд тавьж байж асуудлыг шийдэх ёстой нь ямар ч эргэлзээгүй. Эд нар ёстой хэрэг алга…

Монголын нэр бүхий 131 эрдэмтэн “зөвлөлт маягийн” шинжлэх ухааныг үзэн ядаж, жигшин зэвүүцэж явдгаа уриалганыхаа өгүүлбэр бүхэнд яруу тодоор илэрхийлжээ. Тэгвэл “зөвлөлт маягийн” эрдмийн цол зэрэг, гуншингаасаа татгалзах л хэрэгтэй ш дээ. Саяхан болтол дандаа л “гайхуулдаг” л байсан санагдах юм.

Одоо ч гэсэн хүнээр тоглоом хийж байгаа юм шиг “зөвлөлт маягийн” эрдмийн цол, гуншингаа жирийтэл өрчихөөр чинь хэн Та нарт үнэмших юм. Та нарт ер нь ухаан байна уу…

Оросын шинжлэх ухаан байгаагүй бол өдийд Та нар бүгдээрээ малчин хийгээд сууж байхгүй юу. Ингэлээ гэж харааж байгаа юм уу, эрдэмтэн нэртэй малууд аа…

Оросын шинжлэх ухааныг голоод л, хараагаад л, загнаад байгаа газар Монголоос өөр нэг ч байхгүй нь ямар ч эргэлзээгүй. Яахав Баабар, Дэмбэрэл хоёрын хувьд энэ нь бараг амьдралынх нь зорилго юм шиг байгаа юм…

Та нарыг ийм арчаагүй болохоор чинь дурын бөө авгай шаагаад унагачихдаг юм. Би бол Та нарыг хохь чинь гэдэг боловч хайран шинжлэх ухааны нэр төр гэж боддог юм…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top