Жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш: Хувцсаараа бус мэдлэгээрээ брэндлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны дүрээр үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуштай ярилцлаа. Театрын босго даваад удаагүй байгаа залуу жүжигчин маань “Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан гэдгийг уншигчид маань санаж байгаа биз ээ.

-“Босго өндөртэй” гэгддэг драмын театрт орох нь урлагийн сургууль төгссөн хэн бүхний л хүсэл болов уу?

-Тийм ээ, театрт хөл тавьж чадсан нь миний хувьд их том аз завшаан. Чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцээд, ур чадвараас нь жаахан ч гэсэн суралцаад явж байгаа минь хамгийн том баяр. Тэднийхээ үгийг сонсч, уран бүтээл дээр хэрхэн ажиллаж байгааг харах нь надад маш их сургамж болж байна.

-“Театр бол татсан мах, харин кино яг л шопрот гэсэн үг” гэж хэлснийг чинь санаж байна. Одоо ч энэ бодол тань хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яахав. Ихэнх жүжигчид ингэж хариулах байсан биз. Кинонд яаж тоглоно, яг тэр чигээрээ дэлгэцэнд мөнхөрч үлдэнэ шүү дээ. Харин театрын тайзан дээр өнөөдөр гаргаж чадаагүй тэр зүйлээ маргааш нь засаад хийчих боломжтой гэж боддог.

-Дэлгэцийн анхны бүтээл тань “Амьдрал чиний төлөө” олон ангит кино. Хэсэгхэн хугацаанд ч болов, цагдаагийн дүрд хувирах ямар байв?

-СУИС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа энэ кинонд тоглох саналыг хүлээж авсан. Өмнө нь нэлээд хэдэн киноны санал ирсэн ч би татгалсан юм. Гэтэл яагаад ч юм бэ, уг киноны зохиолын талаарх МҮОНТ-ийн Н.Байгаль эгчийн яриа намайг их татсан. Энэ кинонд тоглоод цагдаагийн тухай төсөөлөл минь эрс өөрчлөгдсөн шүү. Ер нь, цагдаа гэхээр л бусдын төлөө зүтгэх үүрэг хүлээсэн робот мэтээр бодох хүн олон. Гэтэл тэд чинь бидэнтэй л адилхан хүн. Миний хувьд дөнгөж 20-той мөртлөө 27 настай мөрдөн байцаагчийн дүрд тоглоход жаахан бэрхшээлтэй байсан. Хэтэрхий буурь суурьтай харагдах ч юмуу өөрөөсөө ах хүний “амьдрал”-д орох гэж нэлээд сандарсан шүү. Мөн сэжигтнээс байцаалт авч буй хэсгийн зураг авалт ч хүндхэн санагдсан. Кинонд зөвлөхөөр ажилласан цагдаагийн хурандаа, хэсгийн төлөөлөгч нарын ачаар байцаалтын арга барил зэрэг олон зүйлийг мэдэж авсан даа. Анхны дүр гэдэг утгаараа, бүх зүйл шинэ содон санагддаг байлаа. Киноны уран бүтээл үнэхээр хүнд юм билээ, шантрах үе ч зөндөө гарч байсан.

-Түүнээс хойш киноны санал хэр их ирсэн бэ?

-Нэлээд их. Театрынхаа уран бүтээлд хамаг анхаарлаа хандуулж байгаа болохоор кинонд тоглох зав алга. Тэгээд ч санал тавьсан болгон руу гүйвэл утгагүй биз дээ. Би хамгийн түрүүнд тухайн киноны зохиол, найруулагчийг нь хардаг.  

-Уран бүтээлийнхээ хажуугаар загварын тайзан дээр алхах зав гарч байна уу?

-Бараг мартагдах дөхсөн зүйл. Тэгээд ч би нэг их загвар хөөгөөд байдаггүй. Хааяа л зарим нэг “дайрлага”-д өртчихөөд байгаа болохоос биш. Одоо загварын шоунаас холуур явна аа.

-“Manhunt International-2010” тэмцээнээс хойш дахиж энэ төрлийн тэмцээнд оролцов уу?

-Надад 4-5 тэмцээний санал ирсэн ч оролцоогүй. Ажил төрөл маань амжихгүй байснаас гадна  хөрөнгө санхүүгийн асуудлаа бие дааж шийднэ гэдэг хэцүү санагдсан.

-15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн гэсэн. Тэмцээн уралдаанд оролцож байна уу?

-Нэг хэсэг завсарлаж байгаад саяхнаас бэлтгэлдээ эргэж орсон. Өмнө нь хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаанд оролцох бодол бий. Ямар ч байсан, үзээд алдана даа.

-Охидын зүгээс танилцах хүсэлт, шүлгийн мессеж их ирнэ биз?

-Үгүй шүү, намайг тоохгүй байх шиг байна. За худлаа, худлаа. Би гадуур сэлгүүцэж, янз бүрийн юмнад оролцох дургүй л дээ. Ажил, бэлтгэл сургуулилт гээд охидтой танилцах зав гардаггүй юм.  Янз бүрийн мессеж ирэх нь ч ховор шүү. Одоо би СУИС-ийн магистрт сурч байгаа.

-Найз охинтой бил үү?

-Нууц. Аливаа юм нууцлаг байх тусмаа гоё байдаг юм болов уу гэж бодож байна.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн ямар зан чанар таалагддаг вэ?

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, тавьсан зорилгодоо тууштай ханддаг, даруухан зантай хүн л надад таалагддаг даа. 

олонгосын алдартай жүжигчинтэй их адилхан гэлцдэг юм билээ. Энэ таны сонгосон стиль үү, аль эсвэл? 

-Адилхан хүмүүс зөндөө л байдаг биз дээ. Хэн нэгнийг дуурайх хүсэл надад байхгүй. Би бол би, тэр бол тэр. Тиймээс би өөртөө зохицсон хэв маягийг сонгоно.

-Яг ямар үед өөрийнхөөрөө байж чаддаг бол?

-Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх үедээ. Гэхдээ өөрийнхөөрөө байна гээд бусдын ертөнцөд халдаж болохгүй. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар байдаг шүү дээ.

-Амьдралаа ямар өнгөөр харахыг хүсдэг вэ?

-Бүх зүйлийг өөдрөг сайхнаар харахыг хүснэ. Өнгөөр илэрхийлбэл шар, ногоон.

-Халаас хоосон явах өдөр хэр олон тохиолдож байв. Энэ үед..?

-Зураг хөрөг маань сонин сэтгүүлд гарч, олонд танигдаад ирэхээр “Энэ их мөнгөтэй хүн байх” гэж хүмүүс боддог юм шиг ээ. Гэтэл надад бусадтай адилхан халаас хоосон явах үе зөндөө л тохиолддог. СУИС-т сурч байхдаа би жирийн нэг оюутан байсан. Сургуулиа төгсч, ажил хийгээд ирэхээр бүх зүйл толгой дээр буусан мэт хэцүү л санагддаг юм байна. Санхүүгийн тал дээр дутагдаж гачигдах зүйл гаралгүй яахав. Гэхдээ залуу хүн мөнгөгүй байх нь гутамшиг биш. Мэдлэггүй байх нь гутамшиг шүү дээ.

-Ямар үед өөртөө бухимддаг вэ?

-Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол өөрийгөө хатуу шүүмжилнэ. Энэ миний багаас төлөвшсөн зан гэх үү дээ. Ямар нэг зорилго тавьсан бол заавал түүнийхээ ард нь гарахыг хүсдэг.

-Тэгвэл өөрийгөө зоригжуулдаг хамгийн том уриа тань?

-“My dream is my power”. Миний мөрөөдөл бол миний хүч гэсэн утгатай.

-Сонирхож цуглуулдаг зүйл бий юу?

-Зоос цуглуулах дуртай. Нэг удаа бүр Тайваниас дээр үеийн Монгол зоос олж байсан шүү. Дундаа луун хээтэй, ард талд нь уйгаржин бичигтэй их том зоос. Найз нөхөд, ойр дотныхон маань хүртэл нэмэрлэдэг болохоор цуглуулга ч их арвижсан.

-Брэндийн талаарх таны бодлыг сонсоё?

-Миний хувьд янз бүрийн брэнд шүтэж, шошго цуглуулах дургүй. Өөрийгөө хувцсаар бус мэдлэгээр брэндлэх хэрэгтэй гэж боддог.

-Тэгвэл таныхаар, сайхан залуу ямар байх ёстой вэ? 

-Боловсон, дотроосоо гэрэлтдэг байгаасай. Түүнээс биш, үсээ сайхан янзалдаг гэх мэт бусад асуудалд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Ухаалаг, биеэ зөв авч явж, өөрийгөө бүх талаар нь хөгжүүлбэл хэн ч хараад “Сайхан залуу” гэж үнэлэх болов уу.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu