”Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын дунд “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр  жагсаалын бүх үйлдэл, хөдөлгөөн, ёслож хүндэтгэх ажиллагаа зохицуулагдаж байдаг бөгөөд энэхүү дүрмийг баримтлан Монгол цэргийн жавхаа уралдааныг дүгнэх юм байна.

 Хоёр үе шаттайгаар явах энэхүү уралдааны эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 1-15-ны хооронд болох бол эхний шатнаас шалгарсан 9 ангийг дараагийн шатанд оролцуулахаар уралдааны удирдамж гарчээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа цэргийн сүр хүчийг харуулсан уралдаан зохион байгуулах болсонтой холбогдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын офицер, ахлагч нартай Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баригадын генерал З.Болдбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын зочид төлөөлөгчид Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэхүү уулзалтыг нээн хэлсэн үгэндээ, Нийгэм эрүүл байхад зэвсэгт хүчин маш чухал үүрэгтэй.  Тиймээс  эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүргийг хүлээсэн цэргийн албан хаагчид та бүхэн авлигаас ангид байх ёстой хүмүүс. Нийслэлийн шинэ удирдлагууд Авлигагүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө  үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Авлига авсан хүн, авилгатай улс орон муухай харагддаг. Авилгаас болж манай улс 2 ч удаа харийн эзэмшилд орж тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүхтэй.  Тиймээс цэргийн албанд зүтгэж байгаа албан хаагчид, дайчин эрс та бүхэн энэ бүхнээс хол байж, ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн юм.

Эх орон, ард түмэн, хамт олон  нь эр цэргээрээ,  эцэг эх, гэр бүлийнхэн нь хугацаат цэргийн албаа хааж байгаа хүүгээрээ бахархсан энэхүү жагсаалын ажиллагаа нь  залуучуудыг эх оронч, үндэсний бахархалт үзлээр хүмүүжүүлж төлөвшүүлэх, цэргийн ёслолын арга хэмжээг иргэдэд сурталчлах Монгол цэргийн бахархал”-ын өдөр байх болно гэж зохион байгуулагчид үзэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top