Жил бүрийн цэргийн баярыг угтаж янз бүрийн тоглолт, хурал цуглаан болдог албан бус жишиг тогтоод удаж буй. Энэ өдөр л эрчүүдээ хайрлаж, эрүүл мэнд болоод сэтгэл санааг нь анхаарах ёстой юм шиг элдэв тайлан тавих газрууд ч олон. Тэгвэл энэ жилийн хувьд эрчүүдийнхээ эрүүл мэндийн асуудал, дундаж наслалтыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон авч үзжээ. Судалгаагаар эрэгтэйчүүдийн дунаж наслалт эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино гэх тоо гарчээ. Монгол улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.68, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,76 байгаа болон 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3 дахин өндөр байгаа аж. Тиймээс эрэгтэйчүүдийн нас баралт манайд бараг бүх насны бүлэгт нэмэгджээ.
Нас баралтын хувьд зүрх судасны өвчин нэгдүгээрт тавигдсан бол, зуурдаар амь насаа алдах явдал удаахь шалтгаан нь болдог байна. Эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог бөгөөд Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн гэнэ. Үнэндээ алхам тутамд тааралддаг эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй адил эрчүүдийн эрүүл мэндэд анхаарсан эмнэлэг, үйлчилгээний газар бараг алга. Хотын төвд байрлалтай хоёрхон газрыг эс тооцвол, эрчүүдэд өвдөж зовох юм юу ч байхгүй мэтээр хүйтэн ханддагаа хэзээ болих вэ. Бас баяр дөхөхөөр л баахан тайлан тооцоо тавьж, уриа лоозон гаргах дуртай Эрүүл мэндийн яам, Монголын эрэгтэйчүүдийн холбоо мэтийн холбогдох газрууд нь бусад үед юу хийж суудгийг ёстой бурхан л мэдэх байх даа.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
Эхнэртээ хэрэг мөрдүүлж шүүлгэж яллуулж яншуулж байснаас үхэх нь арай дээр байж ч магадгүй дээ