500 наслана гэдэг хүсмээр эд биш байх

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Энх тунх, залуу сайхнаараа, урт удаан амьдрах юм сан гэж хүн төрөлхтөн эртнээс нааш мөрөөдсөөр ирсэн боловч ихэнх нь тэгж чадаагүй билээ. Хөгшрөх гэдэг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байгалийн жам юм. Олонх судлаачид хүний биологийн насыг дал, ная бус харин 120 гэж үздэг. Сүүн тэжээлтний нас тухайн амьтны хамгийн сүүлийн шүд хэдэн настайд ургана, түүнийг таваар үржүүлж гарсан тоотой нь ижил байх ёстой гэдэг биологийн шинжлэх ухааны онол байдаг. Жишээлбэл хүний агт араа 20-25 насанд ургадаг. 20х5=100, 25х5=125. Энэ нь хүн 100-125 насална гэсэн үг. Аль ч орны судлаачид, өөр өөрийн шинжлэх ухааны онолын үүднээс, ямар ч арга зүйгээр бодож үзэхэд үүнээс айхавтар хол зөрдөггүй байлаа. Гэтэл саяхан генетикийн шинжлэх ухааны хэсэг судлаач, хүн 360-500 наслах боломжтой гэсэн онол гаргажээ. Мэдээж энэ онол баримт муутай, практикаар нотлогдоогүй тул бусад судлаачдын дэмжлэгийг авсангүй. 500 наслана гэдэг хар ухаанаар бодсон ч боломжгүй, бас хүсмээр эд биш байх.

Зарим судлаачид хүн төрөлхтний нас аажмаар нэмэгдсээр байна, туйлдаа хүрээгүй хэмээн үзэж байна. Америкийн нэгэн их сургуулийн судалгааны баг сүүлийн 240 жилд амьдарч байсан эрэгтэйчүүдийн төрсөн хийгээд үхсэн нөхцөл байдлыг хамруулан судалж дүн шинжилгээгээ хийжээ. Үүний үр дүнд хүний урт наслах үзэгдэл түгээмэл болж, насны хэмжээ улам нэмэгдэх чиг хандлагатай байгааг олж илрүүлжээ. Жишээлбэл 1752-1853 оны хооронд амьдарч 101 насалсан хүн тухайн үедээ хамгийн өндөр настанд тооцогдож байсан бол зуу гаруй жилийн дараа хамгийн өндөр насалсан хүн 1884-1993 оны хооронд амьдарч 109 нас хүрсэн байна. Энэ бол хүний нас нэмэгдэж байгаагийн илрэл юм. 

Судлаачдын дүгнэснээр амьдрах орчны эрүүл ахуй, нөхцөл байдал сайжирч, нийтийн ариун цэврийн чанар дээшилсэн, хүн төрөлхтөн аюулгүй амьдрах нөхцлийг сайн бүрэлдүүлж, бохирдолгүй ус, хүнс хэрэглэх болсон зэрэг нь хүний нас уртсах үндсэн шалтгаан, гол хүчин зүйл болжээ. Түүнчлэн аливаа хүний хүүхэд ахуй үе, түүний ээж, аав, эмээ өвөөгийн бага балчир үеэс илүү хөгжингүй нөхцөлд, тэдний багынх шиг сул дорой бус, өвчин эмгэг тусах, халдварт өвчинд нэрвэгдэх магадлал бага байдаг. Энэ бол хүний нас уртсаж буйн гол шалтгааны нэг юм. 1970 оноос хойш, хүний нас уртсах явдал улам бүр хурдсах хандлагатай болов. Энэ бол анагаах ухааны хөгжил, аль ч улс орны эм, эмнэлгийн салбарт гарсан агуу дэвшилтэй салшгүй холбоотой.

Судлаачид саяхныг хүртэл хүний насны дээд хязгаар 120 гэж үздэг байсан, учир нь түүнээс дээш насалсан тохиолдол гараагүй юм. Гэвч Америкийн судлаач профессор Чарьлз үүнийг үгүйсгэсэн байна. Тэр судалгааныхаа үр дүнд үндэслэн хүний насны дээд хязгаар улам бүр нэмэгдэж, физиологийн хувьд хязгаартаа хүрээгүй, цаашид ч нэмэгдэх хандлагатай хэмээн нотолж байна.

Хятад хэлнээс орчуулсан До.Болдхуяг 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu