Хууль зүйн яамтай хамтран Азийн сан, Мерси кор олон улсын байгууллага болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас хамтран Захиргааны ерөнхий хуулийн онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах нь. Энэ сарын 19-нд болох уг хэлэлцүүлэг нь Мерси кор олон улсын байгууллагын байранд өрнөх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн шүүх, прокурор болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хуульчид оролцож, Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаар санал солилцох юм байна.
Улсын Их Хурлаас 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, 2004 онд Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан боловч өнгөрсөн хугацаанд дээрхи хуулийг хэрэгжүүлэн ажиллахад захиргааны үйл ажиллагааг зохицуулсан ерөнхий хууль байхгүйгээс шүүхийн практикт хүндрэл бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй гарсан байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам дээрхи асуудлыг шийдэх үүднээс 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж байсан ч 2012 оны аравдугаар сард ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулсан юм.
Энэхүү хуулиар захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргадаг захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны гэрээтэй холбогдон үүсэх харилцааг хуульчилж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа болон тэдгээрийн хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах юм байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )