“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяатай уулзаж ярилцлаа. Хэний ч харцыг татахуйц царайлаг, нуруулаг энэ бүсгүйг анх хараад жүжигчин гэхээсээ илүүтэй загвар өмсөгч болов уу хэмээн бодож байсныг нуух юун.
-Оюутан байхдаа энэ продакшинд дадлага хийж байсан юм уу. Яагаад заавал энэ продакшныг сонгосон гэж?
-“Х-Түц” продакшныхан санал тавьсны дагуу оюутан байхдаа гэрээ байгуулсан юм. Хоёр жилийн өмнө сургуулиа төгсч, үндсэн жүжигчнээр ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд хошин тоглолтоос гадна “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” кино, “Сайтар эргэцүүл” жүжигт тоглолоо. Эргэн тойронд минь дандаа л мундаг жүжигчид байна. Хүн инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү ажил шүү дээ. Бид өөрсдөө бүх зүйлийг гардаж хийдэг учраас толгойгоо сайн “ажиллуулж”, санаагаа нэгтгэх нь чухал байдаг. Чадварлаг жүжигчдийн багт орсноор надад маш их боломж нээгдсэн. Мундаг жүжигчдийн үг хэллэг, тоглох туршлага гээд л тэднээс заавар зөвлөгөө авах зүйл зөндөө гарна.
-Хошин урлагийнхан нийгэмд байгаа болж бүтэхгүй бүхнийг инээдээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Энэ ч утгаараа, өөрсдийн болон ойр тойрныхоо хүмүүсийн амьдралд тохиолдсон үйл явдлаас санаа авах нь олонтаа гэлцдэг?
-Продакшин маань бидний хувьд, хоёр дахь гэр. Тиймээс юугаа ч нууж хаалгүй ярилцаж, дотоод асуудлаа хүртэл хуваалцах боломжтой байдаг. Энэ бүхнээс ургуулан бодох, нэгийг эргэцүүлэх, санаа авах зүйл олон гарах нь тодорхой. Зарим тохиолдолд хэн нэгнийнхээ амьдралаар хийсэн номер хүртэл гаргана.
-Сүүлийн үед хошин урлагийн тайзыг царайлаг, өндөр гоолиг бүсгүйчүүд чимэх болсон нь анзаарагддаг. Гадаад төрх тань урлагт хөл тавихад хэр зэрэг түлхэц өгсөн гэж боддог вэ?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй. “Х-Түц” продакшинд урьд нь Одноо эгч, Нарансолонго нараас гадна нэлээд олон эмэгтэй жүжигчин байсан. Эцсийн шалгуурт тунаж үлдсэн эмэгтэйчүүд нь тэр хоёр. Миний хувьд, нүүр царайны төрх болон бие галбираараа тэднээс арай өөр. Одноо эгч, Нарансолонго хоёр маань монголжуу төрхтэй царайлаг хүүхнүүд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Би нэлээд европжуу төрхтэй, өндөр нуруутай болохоор үзэгчдийн нүдэнд тийм содон харагдсан байх.
-Урьд нь загвар өмсч байсан уу?
-Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа дизайнер эгчийн гуйлтаар “Үнсгэлжин” наадамд оролцож, загварыг нь өмсч байсан. Энэ маягаар загварын тайзан дээр хоёрхон удаа л гарч үзсэн. Оюутан байхад загварын наадам, миссийн тэмцээнд оролцох санал ирсэн ч хүлээж аваагүй. Тухайн үед олны нүдэнд өртөж, элдэв хэл амны бай болох вий гэхээс их эмээдэг байлаа. “Тэр тэмцээн, уралдаанд нь оролцож өөрийгөө туршаад үзчихгүй яасан юм бол” гэж хааяа бодогддог л юм.
-Жүжигчний мэргэжлийг эзэмших гэж эртнээс зорьсон нэгэн байхад, огт санамсаргүй тохиолдлоор урлагийн ертөнцөд хөл тавьсан хүн ч цөөнгүй таардаг. Харин таны хувьд?
-Бага байхдаа л бяцхан мөрөөдөл тээж “Том болоод ийм жүжигчин болно” гэж хүсдэг байлаа. Тэгээд хүсэн хүлээсэн мөч ирмэгц шалгалт өгч, тэнцсэнээр өнөөдөр мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэгт алхаад явж байна даа. Би айлын дунд охин. Нэг эгч, хоёр дүүтэй. Гэрийнхэн маань миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, ажлын маань онцлогийг ойлгодогт нь баярладаг юм.
-Шинэ, залуу жүжигчид олноор гарч ирж байгаа энэ үед өрсөлдөөн нэлээд ширүүсэх байх. Бусад продакшны уран бүтээлчдийн тухайд юу гэж боддог бол?
-Өрсөлдөж байж л чанартай уран бүтээл, чадварлаг жүжигчид гарч ирнэ. Хошин урлагийн жүжигчид бусдыг бодвол “толгой сайтай”, сэтгэх чадвар нь илүү хөгжсөн юм шиг санагддаг. Хурдан шаламгай, хувиралт сайтай гээд л давуу тал олон. Жүжигчний ур чадварын хувьд, хамгийн мундаг нь шүү. “Инээд гэдэг бол эмгүй эмчилгээ” гэж нэг суутан хэлсэн байдаг юм билээ. Энэ ч утгаараа, хошин урлагийн тоглолт үзэгч ихтэй, үнэлэмж нь өндөр байдаг биз. Ангийн маань багш, гавьяат жүжигчин Э.Лхамхүү шавь нараа УДЭТ-т оруулах хүсэлтэй байсан. Нуулгүй хэлэхэд, надад драмын театраас илүү хошин урлагийн продакшин дээр санагддаг. Драмын тайзнаа гоё дүр бүтээх хүсэл жүжигчин хүн бүрт л байдаг. Гэхдээ би цаашид хошин урлагийн тайзан дээрээ л “амьдрах” байх. Нэг хэсэг гэрлийн компанид реклам сурталчилгааны албаны даргаар ажиллаж үзсэн. Гэвч хоёр ажил давхар амжуулна гэвэл үнэхээр дийлэхгүй юм билээ. Аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй.
-Үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж чадсан дүр тухайн жүжигчний нэрийн хуудас болох нь бий. Харин сүүлийн үед залуу жүжигчид маань эсрэг талын дүр бүтээвэл хүмүүст сөрөг ойлголт төрнө гэж их эмээдэг болчихож?
-Тиймэрхүү тал ажиглагддаг шүү. Аальгүй, шоучин хүүхэн юмуу эротик маягийн дүрд тоглолоо гэхэд дараагийнх нь саналууд тиймэрхүү маягийн юм ирдэг. Киноны саналын дийлэнх хувь нь эротик юм уу эсрэг талын дүр байдаг учраас би шууд л татгалздаг. Магадгүй, энэ тал дээр жаахан зориг дутдаг ч байж мэднэ. Шоу тоглолтоо хийж дууссаны дараа нэг их том зүйлийн ард гарчихсан юм шиг сэтгэл тайван амарна даа. Амарч байхдаа фитнессээр хичээллэж, сагс тоглох дуртай. Найз нөхөдтэйгээ хамт салхинд гарч, ярилцаж суух үе байлгүй яахав.
-Нэлээд даруухан зантай юм шиг атлаа тайзан дээр огт өөр харагддаг юм билээ?
-Хүмүүс намайг их галзуу, этгээд араншинтай гэж боддог байх. “Тайзан дээр аягүй дур зоргоороо, их эротик төрхтэй хүүхэн харагддаг” гэдэг юм. Яг бодит амьдрал дээр бол огт өөр. Дотны сайн найзууд маань намайг ямар хүн бэ гэдгийг мэднэ. Жүжигчин бус хувь хүнийх нь үүднээс хүлээж авч, харилцдаг учраас тэр. Харин зарим үед гайхмаар тохиолдол ч гардаг юм. “Чи хошин урлагийн жүжигчин гэл үү. Танайхан хүн инээлгэдэг ажилтай юм чинь одоо онигоо яриад хөгжөөж өг” гэх мэтээр тэнэг зүйл ярьдаг хүн ч мэр сэр таарна. Хошин урлагийн жүжигчин гэхээр л заавал бусдыг хөгжөөх үүрэг хүлээсэн хүн мэт бодож болохгүй шүү дээ. Иймэрхүү асуудал гарвал би бодсон санаснаа шуудхан л хэлчихдэг.
-Гоо сайхны мэс засал хийлгэх тал дээр эсрэг байр суурьтай байдаг гэсэн үг үү?
-Үүнийг хүмүүс зөв, буруу гээд янз бүрээр ярьдаг. Миний хувьд гоо сайхан, эрүүл мэнддээ онцгой анхаарч, дараа нь гарах үр дагаврыг нь сайтар судалсны эцэст л биедээ мэс хүргүүлэх хэрэгтэй гэж боддог. Тухайн үедээ гоё, сайхан болно гэж хийлгэчихээд арав, хорин жилийн дараа яаж амаа барихыг хэн ч мэдэхгүй. Түүнээс биш, эмэгтэй хүн гоё сайхан харагдахын тулд сэтгэлд таалагдахгүй байгаа зүйлээ засуулж, өөрөө өөртөө таалагдаж амьдарвал сайхан хэрэг. Хувцасны тал дээр заавал брэнд гэж чухалчилдаггүй. Өөрт таалагдсан зүйлээ ямар ч хамаагүй үнээр худалдаад авчихна. Бүр хэтэрхий өндөр үнэтэй байсан ч өөрийн болгохоос нааш санаа амрахгүй. Угаасаа эмэгтэй хүний зан байх.(инээв) Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд “Айхо”, “Ланкоме” хэрэглэдэг. Үнэртэй ус гэвэл “Шанель”-ийн үнэнч бишрэгч нь шүү дээ. Цүнх, гутлаа “Бурберри”, “Фурта” брэндийн бүтээгдэхүүнээс сонгож авдаг. Мөнгө төгрөгийн хувьд, боломжийн хэмжээгээр авдаг. Уран бүтээл болон бусад зүйл гээд болдог л юм.
Р.Мөнгөн








Сэтгэгдэл ( 9 )
za yrshig da miss ntr bolno ch gej yu bhav .zvgeer l ondor nuruutai l bolohoos ooroor tiim aytaihan nvdend evteihen hvvhen bish sh de.ooriigoo yu geed bodoo ve. ter mori shig yntsgaadag ni estoi muuhai um bnlei dahij bitgii tegeerei
за морин царайтай хүүхэн болгон мисс т ороод байдаггүй байхаа юун хөөрцин
hedhen jiliin dotor suga uurchlugdsun baagii da. anh yamar l huduunii ineedtei yum bla da.
saiham yamtsgaadag saihan huuhen shuu kkk
Shuud hideg bnshd otgoog
LADY BOYS hahahahahhaha
Huurhun busgui. Amjilt husie.
hudlooo sh.a.a.g.a.a.l. nul brendeer goydiimuu kk ter munguu tgd yaaj oldiin
gaigui ****tei busgui bn