Монголын “улаантнууд” ойрноос тэвдэн сандарцгааж байгаа нь ил болов. Төр гэдэг том лантуугаа хоёр гараараа дээш өргөж чадахгүй болтлоо чичирцгээж байна. “Улаан” нам буюу МАН-ын гол үзэл суртал нь “Төр” гэгч хадны мангаагаар хүмүүсийг айлгаж, залхааж, ичээж, луйвардаж, шоронжуулахад чиглэдэг онцлогтой. Энэ суртлын тэргүүн шугам хуучны Оросоос угшлаа авсан коммунист цээжтэй, социалист бөгстэй тул цаашдаа “хол” явах ажээ. Өнгөрсөн сонгуулийн дараа нийслэлийнхээ төв гудамжинд таван хүн нударсандаа бантаад МАХН гэсэн нэрээ бушуухан сольж МАН гэх болсон юм, тэд. Харин МАН-тай Ардчилсан намынхан төрийн эрх барилцаж буй тул МАНАН гэдэг нэгдмэл нэртэй болоод байгаа. Хуучин цагийн намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь МАНАН дундаас гарч МАХН гэсэн нэрээ хэвээр авч үлдээд “Улаантан”-уудтайгаа жинхэнэ “Дайн” зарлаж байна. Түүний саяхан хэлсэн үг “улаантан”-уудыг улам бужигнуулж орхилоо. Тэрээр МАНАН-г “Олигархиудын бөөгнөрөл, луйвардагчдын оромж болгосон” гэжээ. Тиймээс олигархижсан тэдгээр хүмүүсийг МАНАН-тай хамт “Устгах” их аянаа эхлүүллээ гэж байна. Н.Энхбаярын толгойлсон МАХН-ыг Дээд шүүх бүртгэж авахгүй саатуулаад байгаа нь МАНАН-тай холбоотой аж. Олигархиудын МАНАН, тэмцэгчдийн МАХН гэсэн эсрэг хоёр “фронт” тулааны талбар дээр ийнхүү гараад ирлээ. Хүмүүсийн дийлэнх нь шударга үнэний талд зогсож байгаа тул МАХН-д ам сайтай болж байна. Н.Энхбаярынхантай олон жил “Улаантан” гэсэн нэг дээвэр доор толгой хоргодож байсан МАН-ын нэр хүнд ард түмний дунд өдрөөс өдөрт унаж эхэллээ. Саяханы нэгэн социологийн судалгаагаар МАН-ын рейтинг дөнгөж 21 хувьтай, Дээд шүүхэд бүртгэлгүй байгаа МАХН нь 12 хувьтай болоод байгаа юм байна. МАХН шударга ёсны төлөө олигархиудтай цаашид үнэхээр сайн тулалдаж чадвал хэдхэн сарын дараа рейтингээрээ МАН-аас хол тасарч түрүүлнэ гэсэн таамаг нэлээд өндөр магадлалтай гэнэ. Нөгөөтэйгүүр МАН-ын уналтанд хамгийн их нөлөөлж буй зүйл нь намын дарга С.Батболдын Засгийн газар ядуурлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэх зэрэг олон чухал асуудлыг шийдэж чадаагүй явдал ажээ. Судлаачид эдгээрийг баримттайгаар хэлээд байна. МАН одоо өнгөрчээ гэх хүн захаасаа л тааралдах боллоо. МАН-ынхан ч үүрээ хөндүүлсэн шоргоолж адил бужигнаж эхэлжээ. Намынхаа нэр, нүүрээр албан тушаал, эрх мэдэлд хүрсэн төрийн түшээд харин энэ уналтаар хамтдаа “талийгаач” болчихгүйг хичээж байна. Та бүхэн үүнийг анзаарч байгаа байх аа. Сүүлийн үед УИХ дээр огт ам нээдэггүй, яг хэлгүй хүн шиг суудаг Ч.Улаан, Д.Арвин, Чойжилсүрэн, Наранхүү мэтийн хүмүүс ойр ойрхон сонин хэвлэлүүдэд ярилцлага өгч, МАН-ын удирдлагынхаа арчаагүйг шүүн хэлцдэг болжээ. УИХ-д ч, гудамжинд ч хашгирцгааж байна. Шүүмжлэхийн одонд төрсөн мэт байнга юм ярьж явдаг Ганбаяр, О.Чулуунбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Сүхбаатар, Тэрбишдагва, Лүндээжанцан, Э.Мөнх-Очир зэрэг цөөн хэдэн хүний дэргэдүүр тэд ёстой салхи татуулан харайж байгаа юм. Тэднийг ажсан зарим сонирхогчид “Эд нар одоо намаа шавар шигдээд ирэхээр амиа хоохойлж үлдэх санаатай байна. Ингэдэг л байхгүй. Ганцаарчилсан тоглолтоор дараагийн сонгуульд гарч ирэх гэж байгаа бололтой. Улс төрд иймэрхүү амин хувиа хичээгсэд олон бий. Тийм сүрхий юм бол намынхаа дотоод ардчилал, шударга зарчмыг хангах талаар хуруугаа ч гэсэн хөдөлгөж, юм хийж явах нь яасан юм. Ийм өөдгүй новшнууд цагаа болохоор өөрсдийгөө л боддог байхгүй юү” гэж байна. Нээрээ тийм шүү. “Улаантан”-ууд одоо л сэхээ авч байх шиг ээ. “Улайдаггүй” хэмээн өргөмжлөгдсөн Ч.Улаан гишүүн тэдгээр амиа хичээгсдийг тэргүүлж байгаа юм байна. С.Батболд даргыгаа хайр найргүй хусдаг болж. Сүүлийн өдрүүдэд тэр Засгийн газрыг бараг л газар доогуур ортол шүүмжиллээ. Оюу толгойн луйврын гэрээ Таван толгойд халдварлан ард түмэн минь амаараа шороо үмхэх вий гэдэгт мань хүн ихээхэн санаа зовж байгаа бололтой. Сангийн сайдаар ажиллаж байсан, нам дотроо эдийн засагчийн хувьд туршлагатай гэгддэг Ч.Улаантан тухайн үед ийм аймшигтай луйврын гэрээ хийгдэж байхад яагаад дуугараагүй байж одоо гэнэт хэлээд эхлэв. Түүний яриад байгаагаар С.Батболдын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй гэнэ. Тийм л сүрхий юм бол “Энэ чинь огт биелэх үндэсгүй зүйл, сүүлдээ мянгуужингийн үлгэр болно” гэх зэргээр зөвлөж, бүх аймгуудыг засмал авто замаар холбох мэтийн мөрөөдлийн заалтуудыг нь хасуулчихаж болох л байсан шүү дээ. Харамсалтай нь Ч.Улаан тэгсэнгүй. Өнөөдөр дөнгөж нойрноосоо сэрж байгаа хүн шиг аашиллаа. Энэ бүх хөгийн үзэгдлүүдээс “Улаантан”-уудын балмагдалыг Ч.Улаан гуай нотолж, нам дотроо амиа бодогсодыг тэргүүлж байна” гэж ойлгохоос яахав дээ.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )