Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк манай эдийн засгийн маргаашийг хэрхэн харж буй зураглалаа хэдхэн хоногийн зайтай танилцуулаад буй. Тэгвэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/-өөс Макро эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын тоймыг танилцуулаад байна. Мэдээллийг хүргэхээсээ өмнө Макро эдийн засаг юу судладаг болохыг тодотгох нь зөв биз ээ.
Макро эдийн засаг нь: Ханш уналт, ажилгүйдэл, мөнгөний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, хэрэглээ, хуримтлал гэхчлэн эдийн засгийн тогтолцооны түвшин дэх эдийн засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын дотоод мөн чанарыг судладаг. Эдгээр макро түвшний үйл явцууд нь хоорондоо байнгын харилцан хамаарсан шинжтэй байдаг.
ГАДААД ӨР-ийн 25 хувь нь Засгийн газрынх
Засгийн газар энэ онд 5 их наяд гаруй төгрөгийн өр төлбөр барагдуулсан гэж Сангийн яамнаас мэдэгдэж буй. Энэ мөнгө ам.доллар хэлбэрээр гадагш гарсан нь төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж буйг хэлэх эдийн засагч бас байгаа юм. Мэдээж өрөө дарж буй нь таатай мэдээ. Тэгвэл ЭЗБӨЧСТ-ийн судалгаанд улсын өр төлбөрийн хэмжээг хэрхэн тусгасныг хүргэе. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 6.9 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 27.7 тэрбум ам.доллар болсон гэж байна. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр 5 хувь (327.9 сая ам.доллар), Улсын нийт гадаад өр 1 хувь (167.3 сая ам.доллар)-иар тус тус буурсан байна. Харин Төв банкны өр өмнөх улирлаас өөрчлөлтгүй, хадгаламжийн байгууллагуудын өр -2 хувь буюу 46 сая.ам доллараар буурчээ. Нийт гадаад өрийн 25 хувийг Засгийн газрын өр, 8 хувийг Төв банкны өр, 8 хувийг хадгаламжийн байгууллагуудын өр, 29 хувийг бусад салбаруудын өр, 30 хувийг компани хоорондын зээллэгийн өр тус тус бүрдүүлж байна.
Төсвийн алдагдал буурав
Судалгаагаар Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 30.2 хувиар өсч, зарлага 7.1 хувиар өссөн бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 410 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Ханш ба Нөөц
Өнөөдрийн албан ханшийг харахад 1 ам.доллар 2,567.15 монгол төгрөгтэй тэнцэж байна. Ерөнхийдөө ханшийн өсөлт тогтворжих болов уу гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл наймдугаар сарын үзүүлэлтийг харахад ам.долларын ханш өмнөх сараас 1 төгрөгөөр нэмэгдсан байгаа юм. Тодруулбал, наймдугаар сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 20 төгрөг буюу 0.8 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 1.29 төгрөг буюу 0.05 хувиар нэмэгдэж 2464.12 төгрөг болж байв. Долдугаар сард гадаад валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн зургадугаар сараас 1 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин буурсан гэж ЭЗБӨЧСТ-ийн тайланд дурджээ. Харин Монголбанкны мэдээллээр наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 2 тэрбум 854 сая ам.доллар байна. Энэ нь өмнөх долдугаар сараас 3.3 хувиар буурсан, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин өссөн үзүүлэлт гэж Төв банкнаас мэдээлж байгаа юм.
Импорт 38 хувиар өслөө
Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангараад буй үндсэн шалтгаануудын эхэнд импортын өсөлт нэрлэгдэж буй. Тэгвэл наймдугаар сарын байдлаар нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өссөн бол экспорт 13 хувиар нэмэгдэж, импорт өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 869 сая ам.долларын ашигтай гарчээ.
Үнийн өсөлт
Хагас жилийн байдлаар инфляцийн түвшин 6.5 хувьтай гараад буй. Тэгвэл макро эдийн засгийн наймдугаар сарын тоймд инфляцийн түвшин өмнөх сараас 0.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 5 хувиар, оны эхнээс 5.1 хувь өссөн гэж дурджээ. Ингэж өсөхөд хүнсний бараа, тээврийн хэрэгсэл, түлш, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнийн өсөлт нөлөөлжээ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар инфляци энэ оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өссөнийг зарим газар тохиосон ган буюу байгалийн хүчин зүйлтэй, махны экспортын өсөлттэй, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Гэхдээ инфляцийн таамгийг буулгаж танилцуулсныг сануулъя.
Дашрамд өгүүлэхэд, Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь инфляцийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болдог. ХҮИ нь хэрэглэгчийн худалдан авсан бараа, үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг. Өөрөөр хэлбэл хэрэглээний сагсанд сонгон авсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн жигнэсэн дундаж хэмжээ юм. Монгол Улсын хэрэглээний шинэчилсэн сагсаар Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр Хэрэглээний үнийн индексийг тооцож байна.
Банкуудын ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ нэмэгджээ
Банкуудын зээлийн үлдэгдэл наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24.8 хувиар, хувийн байгууллагынх 15.7 хувиар тус тус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 206.3 тэрбум төгрөгөөр, чанаргүй зээл өмнөх сараас 13.2 тэрбум төгрөг буюу нэг хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн 82.2 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байгаа бол нийт хугацаа хэтэрсэн зээлийн 83.2 хувийг хувийн байгууллагынхны зээл бүрдүүлж байна.
93 мянга 885 иргэн ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ
Наймдугаар сард 46.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 629 иргэнд олгожээ. Үүнээс орон нутагт 6.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 167 иргэнд олгосон байна. Нийт дүнгээрээ ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 93 885 болсон байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл эзэлж байна.
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.5 их наядаар хэмжигдэв
ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн бол даатгалын салбарын цэвэр ашиг буурсан үзүүлэлттэй гарлаа. Үнэт цаас, даатгал, ББСБ болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын тайланд Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны хоёрдугаар улиралд 65 хувиар өсөж 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ий 9 хувьтай тэнцсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 303 ХК, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Наймдугаар сард макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэрхэн гарсныг хүргэлээ. Эхэнд өгүүлсэнчлэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тайлан мэдээллүүдээс үзэхэд тэд ирэх онд манай эдийн засгийг 6 хувь давсан өсөлттэй гарна гэж таамаглацгааж буй. Гэхдээ богино болон дунд хугацаанд үүсч болзошгүй эрсдэлүүд бий гэдгийг бас сануулж байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 1 )
Энэ зг- г долларын ханшийг 2500-с нэлээд доошлуулах байх гэсэн чинь бүүр 100 төгрөгөөр өсгөөд бензиний үнийг нэмж өсгөөд төгрөгийг цаас болгодог байна ш дээ. Монгол улсын төгрөг иргэний дайн хийж байсан Зимбабве улсын мөнгөний ханштай адил төвшинд очдог байна шүү. Энэ чинь л дэлхийн шившиг биз дээ