Манай төр ч, хувийн хэвшил ч гадаад зах зээлээс хөрөнгө татах хэрэгцээтэй. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдлыг харахад манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө зээлж байна. Банкуудын тухайд 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байна. Эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж буй. Энэ нь улсын эдийн засаг, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой. Тиймээс бид гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ-дээ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргахаас өөр сонголтгүй. Аль ч улс орны төлбөрийн чадварыг зээлжих зэрэглэлээр төлөөлүүлэн авч үздэг жишиг дэлхийд мөрдөгдөж байна. Гадаад санхүүжилт татах чадавх нь тухайн улсын эрсдэлийн түвшингээс хамаардаг. Нью-Йоркийн их сургуулийн профессор Дамодараны судалгаанд улс орны эрсдэлийг үнэлэх голлох хэмжүүрүүдийг:
-Улсын зээлжих зэрэглэл
-Улсын эрсдэлийн оноо
-Хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл эдгээрээс олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын тодорхойлдог зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тухайн улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болох буюу дефолт (default) болох эрсдэлийг үнэлэх гол үзүүлэлт болдог. Түүнчлэн улсын эрсдэлийн түвшинг илтгэх хамгийн түгээмэл ашиглагддаг, цогц, найдвартай хэмжүүр гэгддэг. Гэхдээ зэрэглэл тогтоогч байгууллагуудаас гаргасан үнэлгээнд 100 хувь хөдөлгөөнгүй итгэж болох эсэхэд эргэлзээ дагуулсан бодит жишээнүүд бас бийг 2009 оны хямралын үетэй холбон харж болно. Дампуурлаа зарлаж, бусдыг араасаа дагуулсан "Lehman Brothers" зэрэг банкуудад тухайн үед үнэлгээний байгууллагууд ААА гэсэн онц үнэлгээ тавьж байсан байдаг юм.
Гэсэн ч өнөөдөр олон улсын санхүүгийн зах “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз”, “Фитч” зэрэг зэрэглэл тогтоогчдын үгийг сонссон хэвээрээ байна. Тиймээс бид тэдний нүдэнд аятайхан харагдах шаардлагатай байсаар.
Манай улсын тухайд 1999 оноос эхлэн “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз”, “Фитч” агентлагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгож буй. Манай зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” агентлаг 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд “-B” төлвийг тогтвортой, “Фитч” агентлаг энэ оны долдугаар сарын 9-ний өдөр “B” төлвийг тогтвортой, “Мүүдийз” агентлаг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “B3” төлвийг тогтвортой гэж тус тус үнэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард “Фитч”-ээс манай эдийн засгийг 2018 оны эцэс гэхэд 5.2 хувийн өсөлттэй гарна гэж тооцоолсноо дуулгасан. Тус байгууллага манай улсын эдийн засаг дахь эрсдэлийг улстөртэй холбон харж буй. 2020 оны сонгуулийг угтсан улстөржсөн эдийн засгийн шийдвэрүүд гарч болзошгүйг анхааруулсан юм.
Зээлжих зэрэглэлийн агентлагуудын хувьд манай улсын эдийн засгийг богино хугацааны эрсдэл, сорилтуудтай тулгарч байгаа боловч ирэх жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөр үргэлжилж, уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг сэргэх, улсын төсөв, гадаад төлбөрийн чадвар сайжрах хүлээлттэй гэж тодотгож буй. Тэрчлэн Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн төлвийг эергээр үнэлж харж байгаа ч эхэнд өгүүлсэнчлэн манай талаас илүү ахисан түвшний үнэлгээ авах, хэрэгцээ шаардлага бий нь бид өндөр өртөгтэй зээл татаж буйгаас ойлгогдож байгаа юм.
Дээрх зураг дээр улс орнуудын эрсдэлийн нэмэгдлийн түвшний харьцуулсан судалгаа харагдаж байна. Манай улсын эрсдэлийн нэмэгдлийн түвшин 2017 оны эцсийн байдлаар 10.66 хувь байна. Энэ нь бусад улсуудын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Манай улсын дефолтын зөрүү, эрсдэлийн нэмэгдлийн түвшин харьцангуй өндөр тогтсон нь эдийн засгийн төрөлжилт бага, түүхий эдийн үнийн хамаарал өндөр, мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг, засаглалын тогтворгүй байдал зэрэгтэй холбоотой юм байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )