Рио Тинто: Төмрийн хүдрийн Пилбара уурхайд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Австрали улсын Баруун Австрали мужийн хойд хэсэгт орших Пилбара төмрийн хүдрийн уурхайд гал гарсан тухай Рио Тинто компаниас мэдээллээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн шөнө Пилбара уурхайн нэгдсэн удирдлагын төвийн байранд гал гарсан байна. Галыг газар авахуулалгүй тэр дор нь унтраажээ. Гал гарах үеэр хүн гэмтэж бэртээгүй гэдгийг Пилбара уурхайн удирдлагын зүгээс мэдээлж байна. Одоогоор чухам хэчнээн техник хэрэгсэл гэмтсэн тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Баруун Австрали мужийн гал унтраах анги, Чанарын шалгалтын алба галын учир шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг байгуулжээ. Галын улмаас Пилбара уурхайг бямба гарагт хааж, ням гарагийн өглөө хэвийн ажиллагаанд нь шилжүүлсэн байна. Компани мөн адил дотоод шалгалт явуулж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсаны дараа галын шалтгааныг олон нийтэд мэдээлэх аж.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Вероника хар салхины улмаас Пилбара уурхай боомтоор нэвтрүүлэх төмрийн тээвэрлэлтийг бууруулсан нь төмрийн хүдрийн олборлолтод сөргөөр нөлөөлөх нэг үндэс болсон байна. Рио Тинто компани энэ оны төмрийн хүдрийн олборлолт болон борлуулалт өнгөрсөн оноос буурна гэж хоёрдугаар сард мэдэгдээд байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top