Хууль бусаар ашигт малтмал олборловол техникийг УЛСЫН ОРЛОГО болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ хэд хэдэн анхаарал татахуйц, ноцтой тоо баримтыг дэлгэсэн юм. Тухайлбал, “2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 25.8 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бөгөөд 12 хүн амь насаа алджээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч ослууд гарсаар байна. Энэ онд гэхэд “Эко алтан заамар”, “Пентатерра” компаниудад гарсан ослын улмаас 5 хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн 4 ажилтан амь эрсэдсэн осол гарлаа. Хүний аминаас үнэтэй барилга байгууламж, орд уурхай гэж байхгүй. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарал тавих цаг болоод байна” хэмээсэн юм. Шадар сайдын энэхүү мэдээллийн мөрөөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас гаргаж хүргүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, аймаг нийслэл, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Бадельханд үүрэг болгов. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагыг нэн шаардлагатай хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн, өргөх механизмын, газрын тос, хийн хяналтын, геологи, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болов.

Манай улсад 1500 гаруй ШТС, хийгээр цэнэглэх станц, шатахууны агуулах үйл ажиллагаа явуулдаг байтал Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд энэ чиглэлийн 3 улсын байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн 3 улсын байцаагч хяналт тавьдаг байна. Улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ердөө 66 байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top